Ямаа өсөөгүйд олзуурхав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-10 15:03:04

Баян-Өлгий аймагт өнгөрсөн онд мал сүргийн тоо толгой 146 мянга орчим толгойгоор нэмэгдэв.

2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 2 сая 167 мянга 413 толгой мал тооллуулсан нь оны эхний мал таван төрөл дээр 146367 буюу 7.2 хувиар өсчээ. Тэмээ 4933, адуу 85783, үхэр 155623, хонь 937760, ямаа 983314 толгой тооллуулсан бөгөөд хээлтэгч малын тоо 914218 толгойд хүрч өнгөрсөн оноос 9.4 хувиар нэмэгдсэн байна.

Ямаанаас бусад дөрвөн хошуу мал өссөн үзүүлэлттэй тооллогын дүн гарав. Гэхдээ ямааны тоо толгой буурах хандлагатай болж эхэлснийг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд олзуурхаж байна.

-Олон жилийн турш сая орчим толгой малтай байсан манай аймагт сүүлийн жилүүдэд малын тоо толгой хоёр саяас давчихсан нь сайн хандлага биш юм. Мал өссөн ч газар, бэлчээр өсөхгүй байна. Нэн ялангуяа 1990-ээд оноос ноолуур үнэд орсны улмаас ямаа нийт мал сүргийн дийлэнх хувийг эзлэдэг болсон. Гэтэл ямаа бол төрөл бүрийн өвс ургамлыг үндэстэй нь тас татаж идээд бэлчээр талхалдаг. Иймд малчид ирээдүйгээ бодвол малынхаа чанарыг сайжруулан тоог нь цөөрүүлэх, ямааны тоог бууруулах аргаар сүргийн бүтцийг оновчтой барих чиглэлээр ажиллах нь илүү ашигтай гэж ХХААГ-ын мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Нургулан ярьж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ