Хууль тогтоомжийг боловсронгуй болгох тогтоолыг батлахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Уг тогтоолын төслийг боловсруулахад УИХ, Засгийн газрын гишүүд болон холбогдох 43 байгууллагын саналыг авч, нэгтгэжээ. Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төсөл боловсруулж батлахаар тусгасан. Үүнээс 2016 онд -31, 2017 онд- 131, 2018 онд-71, 2019 онд-24, 2020 онд 3 хууль боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан байна. Хуулийн төслүүдийн 75 нь анхдагч буюу шинээр өргөн мэдүүлсэн байх бол 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байх юм. Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг боловсронгуй болгосноор хуулийн давхардал арилж, уялдаа холбоо сайжирна хэмээн Засгийн газар үзэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар батлуулах нь зөв гэж үзлээ.
Ч.Ариунболд