Сайхандулаан суманд өвөлжилт өнөтэй, сайхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-09 17:09:57

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ сарын 02-нд захирамж  гаргаж Сайхандулаан сумын Засаг даргаар Б.Эрдэнэжаргалыг томилсон. Шинэ албанд томилогдоод  удаагүй байгаа  Засаг даргаас сумын өвөлжилтийн байдлыг тодрууллаа.

Тэрээр,  “Манай  суманд энэ жил цасгүй, дулаахан мал, малчин хоёрын нуруу тэнэгэр  сайхан өвөл болж байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр  малчид нийт 148.300 гаруй мянган мал тоолуулж мал сүргээ долоон мянга гаруй толгойгоор өсгөлөө. Тэр тусмаа бог мал өссөн. Өвөлжилтөд бэлтгэх албан даалгаврын хүрээнд сумын хэмжээнд 20 гаруй тонн өвс, хоёр тонн тэжээл нөөцөлсөн. Цаг сайхан байгаа болохоор малчид өвс тэжээл худалдан авахгүй байна. Өмнө нь сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд ажил маань тийм ч шинэ биш, сумынхаа нөхцөл байдлыг мэдэх хүний хувьд ажилдаа шууд орсон” гэлээ.

Дашрамд дурдахад тус сумын багуудын ИНХ хуралдаж ИНХ-ын дарга, Засаг даргаар иргэдийнхээ оролцоотойгоор сонгож дууссан аж. Мөн хоёрдугаар сарын 16-17-нд тэмээний баяр, уяачдын баяр зохион байгуулж оны шилдгүүдээ тодруулахаар төлөвлөжээ.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ