Аюултай хог хаягдал устгах цэгийг Төв аймаг болон Нийслэлийн ойролцоо байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, 100 хувь дэмжлээ.
Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болжээ. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй гурав дахин нэмэгджээ. Үүнээс болж хөрс, ус, агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил, байгаль орчинд тавих шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна хэмээн Засгийн газар үзжээ.
Япон Улсын ЖАЙКА байгууллага Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт 535-900 грамм хог гаргадаг гэсэн тооцоо гаргажээ. Нийт хог хаягдлын 75 хувийг эрх бүхий хог тээврийн компани цуглуулан, тээвэрлэдэг бөгөөд 15 орчим хувийг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө хогийн цэгт хүргэдэг, 5-10 хувийг ил задгай хаядаг. Мөн зарим төрлийн хог хаягдал тухайлбал цахим болон цахилгаан хэрэгслийн, барилгын, хөдөө аж ахуйн болон хүнсний гаралтай хог хаягдлыг хэрхэн ямар арга замаар устгах, боловсруулах нь тодорхойгүй, энэ тал дээр хийсэн тооцоо, судалгаа, бүртгэл, мэдээлэл хангалтгүй байна. Цаашид хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах ангилан ялгах, дахин боловсруулах, үйлвэрлэлийг дэмжих, шаардлагатай юм.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс Засгийн газар болон холбогдох албаныханд аюултай хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг захив.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдага, Энэ хуулиар аюултай хог хаягдал устгах ажлыг хэрхэн зохион байгуулахаар тусгасныг тодруулаад, "Төв аймагт аюултай хог хаягдал устгах цэг барих асуудал яригдаж байсан ч орон нутгийн удирдлагууд зөвшөөрөөгүй. Энэ ажлыг үргэлжлүүлэх үү” хэмээв.
Шинэ хуулиар аюултай хог хаягдал устгах газрыг Засгийн газрын тусгай хэрэгцээнд авахаар тусгасан бөгөөд Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх тул орон нутгийн удирдлагууд эсэргүүцэх эрхгүй хэмээн ажлын хэсэг хариуллаа. Мөн эмийн үйлдвэр, гар утас, телевизийн хаягдал зэргээс гарч буй цацраг идэвхтэй бодис агуулсан хог устгах цэгийг Төв аймаг болон нийслэлийн ойролцоо байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Батзориг гэр хорооллын иргэд автомашины дугуйнаас эхлээд нийлэг материал ихээр түлдэг. Үүнд ямар хяналт тавих вэ хэмээн тодруулав. Улаанбаатар хотын гэр хорооллоос хогноос илүү үнс гардаг. Учир нь гэр хорооллын өрхүүд ихэнх хогоо түлдэг тул агаарын бохирдол улам бүр нэмэгддэг. БОАЖЯ нь бодлогын яам тул торгууль шийтгэвэр ногдуулах эрхгүй бөгөөд хог хаягдлаа түлж буй өрхүүдэд МХЕГ хяналт тавих ёстой гэдгийг ажлын хэсгээс хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хог хаягдлын хор уршиг, түүнээс хамгаалах арга замын талаар хүүхдүүдэд багаас нь мэдлэг олгох хэрэгтэй гэсэн санал хэлсэн. БОАЖ-ын сайд түүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт хог хаягдал, түүний хор уршиг зэргийг таниулах ажлыг хийх зайлшгүй шаардлагатай. Тиймээс боловсролын салбарын байгууллагуудтай хамтран ажиллах болно” гэв.
Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат хог хаядлыг дахин боловсруулах үйлдвэрийн тоог тодруулав. Монгол Улсын хэмжээнд гялгар уут, шил, хаягдал цаас боловсруулах 23 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр байгууллагуудыг санхүүгийн хувьд дэмжих хэрэгтэй байгаа аж. Түүнчлэн шил, хуванцар сав цуглуулж, дотоодын үйлдвэрт тушааж буй иргэдийг урамшуулснаар хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ хэмээн ажлын хэсэг хариуллаа. Монгол Улсын хэмжээнд шил, хуванцар сав зэргийг цуглуулж, тушаадаг 20 мянга орчим иргэн байдаг гэсэн судалгааг БОАЖЯ-наас танилцууллаа.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ