Онцгой байдлын алба хаагчдын ажилласан жилийг 1.4 жилээр тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-06 17:10:26

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн хэлэлцэх эсэх, хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

УИХ-аар 2003 онд баталсан Гамшгаас хамгаалах тухай хууль гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцаа зохицуулагдаагүй зэрэг дутагдалтай талууд олон байгаа юм. Иймээс одоо мөрдөж байгаа гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгож, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг үндэслэн хуулийг шинэчлэн найруулсан гэдгийг Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хууль санаачлагчдийн илтгэлдээ дурьдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Улаанбаатар хотын ойролцоох газар хөдлөлтийн тоог тодруулав. Ажлын хэсгийн зүгээс нийслэлийн оролцоо газрын 6 хагарал байгаа гэдгийг хэлээд, 2010 онд жилд 600 орчим газар хөдлөлтийн чичэрхийлэл мэдрэгддэг байсан бол 2016 онд 2400-2600 болж хэмэгдсэн хэмээв. Гал түймэр, үер ус, газар хөдлөлт гээд эрсдэл өндөртэй үүрэг гүйцэтгэдэг Онцгой байдлын алба хаагчдийн нийгмийн баталгааг хангах, томилолтын мөнгийг нэмэх чиглэлд анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир онцлов.

Онцгой байдлын алба хаагчдыг орон нутагт үүрэг гүйцэтгэхэд нь нэг өдрийн цалинг нь гурав дахин нэмж олгодог байна. Энэ нь харьцангуй боломжийн урамшуулал хэмээн ОБЕГ-ын дарга Б.Бадрал хэлээд, “Өмнөх хуулиар онцгой байдлын алба хаагчийн ажилласан жилийг 1.3 жилээр тооцдог байсан. Харин шинэчилсэн найруулгад 1.4 жил болгохоор тусгасан” хэмээв.

Мөн байгалийн гамшгийн тоо нэмэгдэж, нийслэлд шилжин ирэгсэд нэмэгдэж байгаатай холбогдуулан айл өрхүүд үер усанд автах тохиолдол их гарах болсон. Мөн улс орны хэмжээнд ой хээрийн болон обьектын гал түймэр гарах нь нэмэгджээ. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зөв гэсэн саналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Хаянхярваа нарын гишүүн хэллээ. Д.Тэрбишдагва гишүүн хуулийн төсөлд давхардсан заалт их байгаа тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ажлын хэсэг гаргаж, нарийвчлан судлах хэрэгтэй гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ