Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 22 хоног үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Өмнөх парламент Ерөнхийлөгч, УИХ болон орон нутгийн сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулахаар хуульчилсан. Тиймээс УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны сонгуулийг нэг хуулиар явуулсан бөгөөд СЕХ нэгдсэн хуулиар зохион байгуулах нь учир дутагдалтай хэмээн дүгнэсэн байдаг. Иймд УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар явуулахаар хуулийн төсөл өргөн барьсныг өнөөдөр ийн хэлэлцэв.
УИХ-ын гишүүн А.Сүхбат, "Сонгуулийн сурталчилгаанд 22 хоног зарцуулахаар тусгасан нь хугацааны хувьд хангалттай бус байна. Иргэд нэр дэвшигчтэй уулзаж, үгийг нь сонсч зарим тохиолдолд зургаа авахуулах хүртэл сонирхолтой байдаг. Гэтэл нэг аймагт нэг хоног сурталчилгаагаа хийхээр байгааг эргэж харах хэрэгтэй" гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, "Сонгуулийн сурталчилгааны хугацааг 17 хоног байна хэмээн хуулинд туссан байсныг тав хоногоор нэмж, 22 хоног болгосон. Хэрэв сурталчилгааны хугацааг сунгах шаардлагатай гэвэл хэлэлцүүлгийн явцад гишүүд өөрчлөх эрх нь бий" гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Учир нь нэгдсэн хуулинд салаа утгатай зүйл заалтууд байсан. Үүнийгээ цэгцэлж бие даасан хуультай болсноор Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийнхаа хүрээнд шударга явуулах бололцоотой хэмээв.
Асуулт асууж, үг хэлсэн гишүүдээс АН-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Болд, МАХН-ын гишүүн О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар эсрэг байр суурьтай байсан бол МАН-ын гишүүд дэмжсэн байр суурьтай байсан. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ.
Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
Б.Туул