МАГАТЭ-гийн тэргүүн улиран ажиллаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-05 15:33:40

ТОКИО. /Kyodo/. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-гийн тэргүүн ямар ч өрсөлдөөнгүйгээр улиран сонгогдох төлөвтэй байна.

МАГАТЭ өчигдөр мэдэгдэл хийхдээ “манай байгууллагын тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөх хүсэлтэй хүмүүсийг өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэс хүртэл бүртгэсэн. Гэхдээ одоогийн захирал Юкия Аманогоос өөр хүн бүртгүүлээгүй” гэжээ.

МАГАТЭ-гийн тэргүүнээр хоёр дахиа сонгогдоод байгаа Ю.Аманогийн үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаа 2017 оны 11 дүгээр сарын сүүлчээр дуусах юм.

Тэрбээр 2009 онд тус байгууллагын тэргүүнээр сонгогдсон бөгөөд энэ албан тушаалд томилогдсон анхны япон хүн юм. 2011 онд Фүкүшима Дайичи АЦС-д осол болсонтой холбоотойгоор АЦС-уудын аюулгүй байдлыг хангах асуудалд тэрбээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Мөн Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

МАГАТЭ-гийн мэдэгдэлд “Аманог дахин томилох эсэхийг энэ оны есдүгээр сард болох Ерөнхий Ассамблейн хуралдааны үеэр шийдвэрлэнэ” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ