Багийн нийгмийн ажилтны орон тоог хасч, нарийн бичгийн даргатай болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-05 13:11:23

Увс аймгийн Улаангом сумын 11 багийг хариуцаж 9 нийгмийн ажилтан ажиллаж байсан юм. Эдгээр албан тушаалыг татан буулгаж, оронд нь багийн нарийн бичиг гэдэг албан тушаалыг шинээр бий болгосон байна.

Аймгийн Засаг даргын оны эхний өдрийн захирамжаар Улаангом сумын ЗДТГ-ын бүтэц орон тоог баталж өгчээ. Тэгэхдээ 9 нийгмийн ажилтны орон тоог хасч, харин 12 багийн дунд зургаан нарийн бичгийн даргыг ажиллуулахаар болсон байна. Үндсэндээ хоёр багийн дунд нэг нарийн бичгийн дарга ажиллах аж.

“Багийн Засаг дарга нар ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг өөрөө мэдэж шийддэг байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд энэ ажлыг нийгмийн ажилтнууд хийж ирсэн. Ер нь бол 2008 оноос өмнө багийн Засаг дарга нар ганцаараа энэ бүхнийг хийгээд болж байсан юм” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав онцоллоо.

Багийн Засаг дарга, нийгмийн ажилтан хоёрын ажлын чиг үүрэг нэг байсан тул давхардлыг арилгах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин багийн нарийн бичгийн даргатай болсноор ард иргэдтэйгээ илүү их тулж ажиллах боломжтой гэж байв. Иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр багийн нарийн бичгийн дарга нар голлож ажиллах юм байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ