Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг Түүх судлалын оюутан Б.Мөнх-Эрдэнэ хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДШилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх эрхзүйн тэнхимийн Түүх нийгэм судлалын IV курсын оюутан Б.Мөнх-Эрдэнэ шалгарч, өргөмжлөлийг нь ХИС-ийн захирал доктор М.Алтанбагана гардуулан өглөө.
Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан сурлагын амжилт гаргасан Б.Мөнх-Эрдэний хувьд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлийг илүү сонирхон судалж, цаашид түүхийн ухааны салбарт чадварлаг боловсон хүчин болохыг хичээн суралцаж буйгаа хэлж байсан юм.
Б. Мөнх-Эрдэнэ ”Монгол орныхоо өв соёлыг хамгаалъя, эх түүхээ судалъя, бусдад түгээн дэлгэрүүлье гэсэн чин эрмэлзлэл, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд Ховд их сургуульд суралцсан. Хөдөө хээр ажилладаг болохоор бэрхшээлтэй талууд их ч, байгальдаа ойр, түүх соёлын дурсгалыг өөрийн биеэр судалж, шинжилдэг учраас би мэргэжилдээ дуртай. Түүх соёлын дурсгалыг авран хамгаалах, биет болон биет бус соёлын өвийн судалгааг багш нартайгаа хамт хийдэг нь бидэнд практик дадлага болж, мэргэжлийн чанартай боловсон хүчин болон бэлтгэгдэн гарах нэг үндэс болж байгаа гэж боддог. Миний хувьд саяхан оюутны эрдэм шинжилгээний хуралд сургуулиа төлөөлөн амжилттай оролцож, багш хамт олныхоо нэрийг гаргасандаа маш их баярлаж байгаа. Өөрийн биеэр дадлагын ажлаа гардаж хийдэг учраас эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд үр өгөөжтэй санагддаг. Баруун бүсийн ууган их сургуульд суралцсанаар өөрийн авьяас чадварыг хөгжүүлэх, нээн илрүүлэх боломжтой” гэлээ.
Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай билээ.
Уг тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох журамтай. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авч хянаад 12 дугаар сард тэтгэлгийг олгодог юм.
А.Бямбасүрэн