Н.Оюундарь: Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлсэн гэрчийг хуулиар хамгаална
МОНГОЛЫН МЭДЭЭГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундариас тодруулга авлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг хуулиндаа хэрхэн томьёолсон бэ. Үүнээс л хамаг учиг зангилаа эхлэх байх?
-Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг хуулиндаа дөрвөн янзаар томьёолсон. Үүнд, бие махбодийн, эдийн засгийн, сэтгэл санааны, бэлгийн гэсэн дөрвөн хэлбэрээр томьёоллоо. Бие махбодийн хүчирхийлэл гэдгийг олонх мэддэг. Харин сэтгэл санааны хүчирхийлэл гэдгийг зарим тохиолдолд иргэд ойлгохгүй байх шиг байдаг. Мэргэжлийн байгууллага, судлаач шинжээчдийн хувьд асуудлыг нэлээн нарийвчилж үздэг юм байна. Тухайлбал, хүүхэд нь хаа хамаагүй тэнэж явахад эцэг эх нь үл тоомсорлодог тохиолдол амьдралд байдаг. Үүнийг үл хайхарсан буюу сэтгэл санааны хүчирхийлэл хэмээн үзэж байгаа юм.
Эдийн засгийн засгийн хүчирхийлэл гэдэг нь аав ээжийнхээ тэтгэврийн мөнгийг авчихаад архи, согтууруулах ундаа худалдан авахад зориулах, тэдний эрүүл мэнд, хоол хүнс, өдөр тутмын хэрэглээнд нь мөнгө зарахгүй байх тухай ойлголтуудыг багтаасан. Бэлгийн хүчирхийлэл гэдэгт гэр бүлийн хүрээнээс гаднах бусад өргөн хүрээтэй ойлголтуудыг багтаан хуульчилсан.
-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр өмнө нь эхнэр нөхрийн хоорондын асуудал мэтээр авч үздэг байсныг больж, хамрах хүрээг өргөжүүлсэн гэсэн. Үүнийг хэрхэн ойлгох вэ?
-Хуулийн хамрах хүрээ гэдэгт гэр бүлийн гишүүдээс гадна эцэг эх, үр хүүхэд, өмнө нь ханилж байсан хосууд, тэр битгий хэл гэр бүлийн баталгаагүй ч дундаасаа хүүхэдтэй болсон хүмүүсийг хүртэл оруулж хуульчилсан. Үүний зэрэгцээ уг хуулиар гэрч хохирогчийг хэрхэн хамгаалах вэ гэдэг эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгснөөрөө давуу талтай. Өөрөөр хэлбэл, хохирогч маш их хэмжээгээр дарамтад байдаг. Тиймээс тэр айдсаасаа болоод хэн нэгэнд энэ тухайгаа хэлж чаддаггүй. Гэр бүлийн хүчирхийлэл хөшигний цаана болж байдаг тул түүнийг нь мэдээлж байгаа хүнийг хүртэл хамгаалалтад авснаараа хуулийн ач холбогдол оршиж байгаа юм. Мөн хохирогчид эрүүл мэндийн, сэтгэл зүйн болон түр хамгаалах байранд хүлээн авах гэх зэрэг 7-8 төрлийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр хуульчилсан.
-Түр хамгаалах байрыг ямар тохиолдолд байгуулах вэ. Хэдэн хүн ам дунд түр хамгаалах байр байна гэсэн үг вэ. Төсөвт ямар нэг хөрөнгө суусан уу?
-2017 оны төсөв батлагдсан тул ямар нэг хөрөнгө мөнгө суулгаагүй. Гэхдээ орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөвтэй байдаг. Тэрхүү төсвийнхөө хүрээнд хуулиа хэрэгжүүлэх бололцоотой. Түүнчлэн засаг захиргааны анхан шатны нэгж болох сум хороодын Засаг дарга, цагдаа, өрхийн эмч, нийгмийн ажилтан, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй ТББ-ын төлөөлөл орсон хамтарсан багийг байгуулж болно. Уг хамтарсан баг газар дээр нь үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. Түүнээс гадна хүн амын тоо, хэргийн гаралтын тоо давтамжаас хамаарч, тухайн орон нутаг нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах эсэхээ шийдэх юм.
Энд нэг зүйлийг тодотгоход өмнө нь гэр бүлийн хүчирхийллийг захиргааны зөрчил хэмээн авч үздэг байсан бол одоо гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оруулж тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл 1-3 сар хорих хүртэлх заалт үйлчилнэ. Хуулийн үндсэн үзэл баримтлал нь нэгдүгээрт урьдчилан сэргийлэх, улмаар гарсан гэмт хэргийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг гаргахгүй байх тухайд арга хэмжээг авахад чиглэгдэнэ.
-Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлээгүй тохиолдолд тухайн иргэн, алба хаагчид хариуцлага тооцохоор болжээ. Мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах вэ?
-Хуулийн хүрээнд хамгийн түрүүнд хохирогчийг, хоёрдугаарт гэрч буюу мэдээлж байгаа иргэнийг хамгаалья гэдэг тал дээр нэлээн сайн ажилласан. Хүчирхийллийг мэдүүлээгүй бол төрийн албан хаагчийг цалинтай нь, иргэнийг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байдлаар торгууль ноогдуулна.
-Хүүхэд хамгааллын асуудлыг хуулинд нэлээн суулгаж өгсөн. Тухайлбал, хүүхдийг ганц нэгээр нь гэр орондоо үлдээсний улмаас хор хохирол учирсан бол асран хамгаалагчид нь хариуцлага тооцох нь. Өнөөгийн нөхцөлд эцэг эхчүүд арга ядсандаа хүүхдээ гэртээ цоожилдог. Хуульчилж байгаа нь сайн хэрэг ч бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бололцоот нэг арга бол цэцэрлэг сургуулийн тоог нэмэх л дээ. Ирэх дөрвөн жилд эмэгтэй гишүүд энэ тал дээр хэр анхаарч ажиллах гэж байна вэ?
-Цэцэрлэгийн тоог аль болох нэмэх санаа тавьж байна. Төсөв дээр ахиухан мөнгө суулгах юмсан гэсэн бодол байлгүй яахав. Зөвхөн УИХ-ын гишүүний хувьд гэлтгүй эцэг эхийн хувиар авч үзвэл шинэ үеийнхний өсөлт хөгжил, хамгаалалтад анхаарахгүй байхын аргагүй.
-Шинэ хууль ирэх сарын нэгнээс хэрэгжинэ. Хууль хэрэгжихэд бэлэн үү?
-Хуулийн хүрээнд хэд хэдэн журам гарах ёстой. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэ талаар асуухад тэдгээр журмуудын дийлэнх бэлэн болсон гэсэн. Ер нь өмнө ярьж байсан асуудал тул журам бэлэн байгаа юм билээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ