Татвар нэмэх замаар импортын бүтээгдэхүүнээс зах зээлээ хамгаалах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-04 12:33:15

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс, хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн  талаар танилцуулга хийлээ.

2009 онд УИХ жижиг дунд үйлдвэрлэлийн ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль болон бусад татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэжээ. 2009-2016 онд давхардсан тоогоор 20.1 мянган иргэн нийт 37.5 тэрбум төгрөгийн гаалийн, 78.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын хөнгөлөлт эдэлсэн байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээлийн дэмжлэг үзүүлэх эргэлтийн санг байгуулж, 2009-2016 онд 745.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ зээлийн 85.3 хувийг эргэлтийн хөрөнгөө нэмэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан ба тухайн аж ахуйн нэгжийн ажлын байр, хүчин чадал нэмэгдсэн, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, зах зээлээ өргөтгөснөөр борлуулалтын орлого 20-30 хувиар нэмэгдсэн гэсэн дүн мэдээ бий. 2011 оноос эхлэн Сум хөгжүүлэх сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрүүдэд 1-3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл олгосон. Үүний үр дүнд орон нутагт 9272 үйлдвэр шинээр байгуулж, 13 мянга 909 цех үйл ажиллагаагаа өргөтгөн, 32.9 мянган ажлын байр бий болгож, 20.7 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн гэдгийг П.Сэргэлэн сайд танилцуулгадаа дурдав.

Тэрбээр, “Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль баталснаар 2012-2016 онд 441 зээлдэгчийн 95.3 тэрбум төгрөгийн зээлд 39.1 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна. Нийт батлан даалтын 79.6 хувь нь Улаанбаатарт, 20.4 хувь нь орон нутагт байна. “Монголд үйлдвэрлэв”, “Бүтээлч Монгол” нэрийн бүтээгдэхүүн, төрийн худалдан авалтад нийлүүлэх үндэсний бүтээгдэхүүн зэрэг үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлыг тогтмолжуулж байна. Төрийн өмчийн худалдан авалтад дотоодын бүтээгдэхүүнийг түлхүү нийлүүлэх зорилгоор ТӨБЗГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах боломж нэмэгдэх юм.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 2000 орчим аж ахуйн нэгжид 13 мянган иргэн ажиллаж байна. Хүнсний боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 2016 оны 11 дүгээр сарын байдлаар 941.1 тэрбум төгрөгт хүрсэн. Дотоодын хүнсний хэрэглээний гол 8 нэр төрлийн бүтээгдэхүүний 78 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа юм. Хүнсний салбарын үйлдвэрлэлийг дэмжих бодлого, арга хэмжээний үр дүнд хүнсний импортын хэмжээ жил дараалан буурч байгаа” хэмээв.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилго дэвшүүлсэн бөгөөд мах сүүний анхдугаар аяныг шинээр эхлүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Салбарын яамнаас аймаг, нийслэл, сум суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах загвар үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байгаа аж. Түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх үе шатыг боловсронгуй болгох, дотоодын зах зээлийг хамгаалах чиглэлээр “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” үндэсний хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байгааг дурьдлаа.

Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд санал хэллээ. Тухайлбал, хилийн бүсийн дагуу хөрш орнуудтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дотоодын бүтээгдэхүүнийг сурталчлах хэрэгтэй гэдгийг байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар хэллээ. Мөн Х.Болорчулуун, С.Чинзориг, Л.Болд гишүүн “Гадаад орнууд дотоодын зах зээлээ хамгаалахын тулд импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг өндөр тогтоодог. Монгол, БНХАУ болон ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Уг байгууллагын гишүүн орнуудын гаалийн татвар ижил хэмжээнд байдаг. Тиймээс хөрш орнуудын гаалийн татварыг судлан, өөрийн татвараа нэмэх замаар импортын бүтээгдэхүүнээс дотоодын зах зээлээ хамгаалах хэрэгтэй” зэрэг санал хэллээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг нэгтгэн ХХААХҮЯ-нд чиглэл өгөхөөр төлөвлөж байгааг  байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хуралдааны төгсгөлд дурьдав.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ