Татварын 250-иад хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгжиж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-04 10:59:57

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, "Өнөөдөр татварын 250-иад хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгжиж байна. Хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал эмх замбараагүй байна. Тиймээс татварын бодлоготойгоо уялдуулж хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулийн төслүүдийг өргөн барьдаг байх нь зүйтэй. Хэлэлцүүлгийн бэлтгэл хангагдаагүй байгаа тул бэлтгэл хангагдсан үед үргэлжлүүлж хэлэлцье" гэсэн саналтай байгаагаа хэлсэн. Ч.Улаан гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулсан ч унасан юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа чөлөөлөлт хөнгөлөлтийн асуудлаарх Засгийн газрын байр суурийг сонссоны дараа хэлэлцүүлгийг явуулах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэлцдэгээрээ хэлэлцээд явья гэсэн юм. Ингээд хэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүд хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг 100 хувь дэмжлээ. Гэхдээ Засгийн газар тооцоогоо гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ