НҮБ-ын шинэ тэргүүн олон талын оролцоог дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-04 10:32:29

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Антонио Гутерриш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг авснаасаа хойш тус байгууллагын төв байранд анх удаагаа үг хэлэхдээ “олон талт оролцоог хөхиүлэн дэмжинэ” гэжээ.

НҮБ-ын тэргүүн болсноосоо хойш хоёр хоногийн дараа А.Гутерриш мягмар гарагт Нью-Йорк хотноо тус байгууллагын ажилтнуудад хандан үг хэлсэн байна. НҮБ-ын гишүүн улс орнууд, тэдгээрийн дотор тус байгууллагын төсвийг бүрдүүлдэг гол улс болох АНУ-тай идэвхтэй хэлэлцээ хийнэ гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ “олон талын оролцоотойгоор гаргасан шийдвэрүүд нь дэлхий дахины асуудлуудыг шийдэж чадна. НҮБ бол аливаа асуудлын шийдлийг олох гол тулгын чулуу юм” гэсэн байна.

Мөн НҮБ-д шинэчлэлт хийх хэрэгтэй байгааг би сайн ойлгож байна гэж тэрбээр хэлжээ.

Хүнд сурталтай, авч байгаа арга хэмжээ нь үр дүнгүй байна гэх зэргээр тус байгууллагыг олон улс орон шүүмжилсээр байгаа юм.

НҮБ-ын тэргүүн цааш нь хэлэхдээ “би гайхамшгийг бүтээгч биш. Бидний зорилгодоо хүрэх цорын ганц арга зам бол нэг баг болж хамтран ажиллах явдал юм” гэжээ.

Мөн олон улс оронд ард иргэд болон засгийн газрын хооронд хагарал зөрчил газар авч байгааг тэрбээр цохон дурдаад “ийм нөхцөл байдалтай газруудын асуудлыг шийдвэрлэхэд НҮБ үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэх хүмүүс олон байна” гэж хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсандаа “НҮБ-д ихээхэн боломж бололцоо байдаг боловч тус байгууллага яг одоогийн байдлаар бол хүмүүс зүгээр л хамт сууж, ярилцаж, цагийг өнгөрүүлдэг клуб шиг байна” гэж бичжээ.

Өмнө нь НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын албан тушаалыг хашиж байсан А.Гутерриш НҮБ-ыг таван жилийн хугацаанд удирдана. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 1-нд НҮБ-ын тэргүүний үүрэгт ажилдаа орсон юм. НҮБ-ын гишүүн орнуудын олонхын саналаар Португалын ерөнхий сайдаар ажиллаж байсан түүнийг өнгөрөгч оны 10 дугаар сард тус байгууллагын тэргүүнээр сонгосон юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ