2017 онд дэлхий дахиныг өөрчлөх 8 гол үйл явдал

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-01-03 17:11:31

ЛОНДОН. /express.co.uk/. 2017 онд Их Британи улс Европын Холбооноос албан ёсоор гарах асуудлаарх хэлэлцээ эхэлж, Дональд Трамп Ерөнхийлөгчийн суудалд суухтай зэрэгцээд дэлхийн олон улс оронд сонгууль болох нь ээ. Энэ он өмнөх оны нэгэн адил улс төрийн газар хөдлөлттэй жил болох төлөвтэй байна.

Өнгөрсөн онд Их Британи улс Европын Холбооноос гарах шийдвэр гаргасан, Дональд Трамп сонгуульд ялсан, Европт болсон террорист халдлагууд болон шумуулаар дамждаг “Зика” вирусийн тархалт зэрэг сэдвүүд дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа.

Тэгвэл 2017 онд улс төрийн салбарыг хөл хөдөлгөөнд оруулж, дэлхий ертөнцийг өөрчилж мэдэх хэдэн хэдэн улс оронд болох сонгууль болон бусад чухал үйл явдлыг шинжээчид онцолж байна.

Нэгдүгээр сар: Д.Трамп тангараг өргөнө

Энэ сарын сүүлчээр тангараг өргөснийхөө дараа Барак Обамагийн засаг захиргааны үед хийсэн ажлыг эргэн хянаж, түүний баталсан хууль, дүрэм журмуудаас хэрэггүй гэж үзсэнээ хүчингүй болгохоор АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбумтан Д.Трамп төлөвлөж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулахын тулд АН-ын албаны хүмүүсийн компьютеруудыг хакердсан гэх үндэслэлээр Оросын дипломатчдыг Б.Обама саяхан улс орноосоо хөөн гаргасан билээ. Д.Трамп тангараг өргөснийхөө дараа Б.Обамагийн засаг захиргааны найрсаг бус энэ үйлдлийг хэрхэн залруулж, Оростой хэрхэн харилцах нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Палестины эзлэгдсэн газар нутагт еврейн суурин барьж буй Израилийн талыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри буруушаан шүүмжилсэн юм. Харин Д.Трамп Израильтай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаа билээ.

2017 оны эхээр: Энхийн хэлэлцээ, Сири дэх байлдааны ажиллагаа

Орос болон Туркийн зуучлалаар өнгөрсөн оны сүүлчээр байгуулсан гал зогсоох тухай хэлэлцээр Сирид таван жил гаруй үргэлжилсэн цуст дайныг эцэс болгож чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Хэрвээ Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн гал зосгоох хэлэлцээрийг зөрчихгүй, дагаж мөрдсөөр байвал энэ сарын сүүлчээр Казахстанд энхийн хэлэлцээ эхлэх юм.

Үүний зэрэгцээ “Лалын улс” бүлэглэлийн гол түшиц газар болоод байгаа Ракка хотыг 2017 оны эхний хагаст багтаан чөлөөлөхийн тулд Сирийн арми цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

Гуравдугаар сар: Brexit-ийн хэлэлцээ эхэлнэ

Их Британи улс Европын Холбооноос албан ёсоор гарах асуудлаарх хэлэлцээ буюу Brexit-ийн хэлэлцээг энэ оны гуравдугаар сарын эцэс гэхэд хийж эхлэхээр тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй төлөвлөж байна. Энэ оны зургадугаар сарын 23-нд болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 52 хувь нь ЕХ-ноос гарахыг дэмжсэн бол 48 хувь нь тус холбоонд үлдэхийн төлөө саналаа өгсөн билээ.

ЕХ-ноос албан ёсоор гарах асуудлаарх хэлэлцээг хоёр жилийн дотор хийж дуусгах ёстой. Үүний дараа Их Британи улс Европ болон дэлхийн бусад бүс нутгийн улс орнуудтай цаашид хэрхэн харилцахаа шийдэх юм.

ЕХ-ноос гарах шийдвэр нь Их Британийн эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг харахаар британичууд тэсэн ядан хүлээж байна.

Гуравдугаар сар: Нидерландын сонгууль

Гуравдугаар сарын 15-нд болох Нидерландын парламентын сонгуульд Герт Вилдерсийн нам ялсан тохиолдолд Европ даяар хэт барууны төвч үзэлтнүүдийн популизм газар авч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Г.Вилдерс бол тус улсын Эрх чөлөөний намын дарга юм. Бүх нийтийн сонгуулийн өмнө олон нийтийн дунд явуулж буй санал асуулгуудын дүнгээс үзвэл, түүний намыг дэмжигчдийн тоо хамгийн өндөр хувьтай байна.

Лалын шашныг эсэргүүцдэг парламентын гишүүн Г.Вилдерс сүмүүдийг хааж, коран судрыг хориглож, ЕХ-ны гишүүнчлэлээс татгалзах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж амлаж байгаа юм.

4 ба 5 дугаар сар: Францын Ерөнхийлөгчийн сонгууль

Brexit болон Д.Трампын ялалт нь Францын хэт барууны үзэлт Үндэсний фронт намын дарга Марин Ле Пений ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэсэн эрмэлзлийг улам өдөөж, сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргахад нь нөлөөлжээ.

Их Британийг ЕХ-нд үлдэхийг дэмжигчид болон Хиллари Клинтоныг дэмжигчид  2016 оны эхээр давуу байдалтай байх үед барууны төвч үзэлт Франсуа Фийон Францын сонгуульд ялах магадлал өндөр байсан юм.

Хатагтай Марин Ле Пений хувьд Францыг ЕХ-ноос гаргах хүсэлтэй байгаа аж. Хэрвээ тэрбээр сонгуульд ялбал ЕХ-нд томоохон цохилт болно.

Тавдугаар сар: Ираны сонгууль

Тавдугаар сарын 19-нд болох ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдох хүсэлтэй байгаа Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани хатуу чиг шугам баримтлагчдын эсэргүүцэлтэй тулгарч байна.

Энэ сонгуулийн дүн нь Ираны гадаад бодлогыг тодорхойлохоос гадна Ойрхи Дорнод болон дэлхийн бусад бүс нутагт Тегеран байр сууриа өргөжүүлж чадах эсэхийг шийдэх юм.

АНУ болон дэлхийн бусад улстай Роухани цөмийн хэлэлцээр байгуулсан нь Тегераны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахад нөлөөлсөн билээ. Х.Роухани “Иран улс энэ гэрээг Д.Трампаар үгүй хийлгэхгүй” гэж мэдэгдсэн юм.

Наймдугаар сар: Германы сонгууль

Германы Канцлерын албан тушаалыг олон жил хашиж буй хатагтай Ангела Меркель ЕХ-ны бат бөх хэрэм бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг хэвээр байна.

Хэрвээ А.Меркель энэ оны наймдугаар сард болох сонгуульд ялагдвал ЕХ төдийгүй дэлхийн либерал тогтолцоонд томоохон цохилт болно.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад Д.Трампт тусалсан гэгдэж буй ОХУ энэ онд олон нийтийн санаа бодлыг А.Меркелийн эсрэг эргүүлэхийг оролдож магадгүй.

Наймдугаар сар: Хятадын Коммунист намын их хурал

БНХАУ-ын дарга Си Зиньпин наймдугаар сард болох ХКН-ын их хурлын үеэр өөрийн хүч нөлөөг улам бэхжүүлэх оролдлого хийнэ гэж ажиглагчид үзэж байна.

Д.Трамп АНУ-ыг өмнөхөөс илүү тусгаарлах бодлого явуулж магадгүй учир олон улсын тавцанд Хятад улсын үүрэг нөлөө нэмэгдэх төлөвтэй байна.

Олон жилийн турш хурдацтай өсч байсан Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ