"Гэгээн муза-гийн эзэн А.Тодгэрэл СТА цолоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-03 15:47:43

Авъяаслаг Монголчууд анхдугаар шоуны шилдэг оролцогч, ханиа даган дуучин бүсгүй нэрээрээ олонд танигдсан Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын дуучин Алтансүхийн Тодгэрэл 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан /МУСТА/ цол тэмдэгээр энгэрээ мялааж, Сүхбаатар аймгийн хамгийн отгон СТА боллоо.   

А.Тодгэрэл нь 2010 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг МУГЖ Д.Дашиймаа багшийн удирдлага дор бакалавр зэрэгтэй суралцаж төгссөн. 2011 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт  өнөөг хүртэл дуучнаар ажиллаж байна.

Тэрээр ажиллах хугацаандаа Дэлхийн болон Монголын сонгодог ари романс, нийтийн дуу, ардын дуунуудаар урын сангаа баяжуулсаар байгаа юм. Түүний гаргасан томоохон амжилтуудаас нэрлэвэл 2014 онд “Гэгээн Муза-11”олон улсын драмын урлагийн наадамд хүүхдийн бүтээлийн төрөлд С.Маршакын зохиол МУСТА Б.Мөнхжаргалын хөгжим “Муурын байшин” мюзиклийн Муур авхайн дүрээр Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшиж Гэгээн Музагийн шагналын эзнээр тодорсон.

2015 онд дэлхийн 68 оронд зохиогдсон үндэстний хэмжээний авьяастан тодруулах “Авьяаслаг Монголчууд ”анхдугаар шоунд оролцож 1000 гаруй оролцогчоос Шилдэг 31 оролцогчийн нэг болж телевиз үзэгчдээс өндөр үнэлэлт авсан авьяаслаг залуу уран бүтээлч юм.

Хамгийн сүүлд буюу 2016 онд МУУГЗ, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Г.Бирваагийн нэрэмжит улсын уралдаанд тусгай байр эзэлсэн юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ