Хушаат, Зүүнбүрэн сумдад өвөлжилт хүндэрсэн байдалд шилжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭӨнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын баруун болон зүүн, өмнөд хэсгээр 24-29 см, хойд хэсгээр 36 см зузаан цастай байна.
Мөн Зүүнбүрэн сумын нутгаар цас ихтэй, хунгар газартаа 30-34 см, цасны нягт 0.14-0.19 г/см3 байгаа аж. Ерөнхийдөө Сэлэнгэ аймгийн нийт сумдын нутгаар цасан бүрхүүлтэй байна. Тухайлбал Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат Бугант, Түшиг, Хүдэр сумдын нутгаар цасны зузаан 20-27 см, цасны нягт 0,12-0,18 г/см3 байгаа юм. Харин бусад сумдын нутгаар цасны зузаан 10-15 см, цасны нягт 0,11- 0.19 г/см3 байна. Байгаль цаг үеийн энэхүү байдлаас үүдэн Сэлэнгэ аймгийн ихэнх сумдын нутгаар мал нэмэгдэл тэжээлд оржээ. Хэдийгээр цаг агаарын нөхцөл байдал хүндхэн байгаа ч малын хорогдол гараагүй байгаа гэнэ.
Харин Хушаат, Зүүнбүрэн сумдын нутгаар цас ихтэй байгаагаас малын бэлчээрлэлт саатаж, өвөлжилт хүндэрсэн байдалд шилжжээ. Иймээс цаашдаа нийт нутгаар хүйтний эрч чангарч, цас их хэмжээгээр орох төлөвтэй байгаа тул эрсдлээс хамгаалах арга хэмжээ авахыг малчдад анхааруулж байна.
Ч.Отгонцэцэг