Ерөнхийлөгчийн сонгуулиас 150 хоногийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-02 14:00:47

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хуралдааны талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар мэдээлэл хийв. УИХ болон орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулсан. Энэ нь СЕХ-нд хүндрэлтэй байгаа тул Ерөнхийлөгчийн сонгуулийг тусдаа хуулиар зохион байгуулах хүсэлт ирүүлсэн. СЕХ-ноос 2013 онд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тулгуурлан гол саналаа ирүүлжээ. Уг саналд 2013 оны хуулийн гол санаа, шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг хэвээр нь үлдээгээд зохион байгуулалтыг нь өөрчлөх талаар тусгасан байна. Хуулийг энэ сарын дундуур батлан, Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах зорилго тавин ажиллаж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд онцлов.

Мөн тэрбээр бүлгийн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн гэдгийг хэллээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хуулийг дахин өөрчлөх тохиолдол гарах уу?

-Энэ хуульд сонгуулиас 150 хоногийн өмнөөс холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт бий.

-Бие даагч гишүүн намд элссэн тохиолдолд тухайн улс төрийн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох уу?

-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд өрсөлдөнө. Өмнөх сонгуулийн тухай хууль, тогтоомжууд дээр УИХ-д суудалтай нам гэдгийг янз бүрээр тайлбарласан байдаг. Энэ хуулийн төсөлд УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүхий намыг парламентад суудалтай гэж үзнэ гэсэн тодорхойлолт орж байгаа. Бие даагч гишүүн аль нэг намд элссэн бол түүнийг нь нэр дэвшүүлэхгүй гэж болно.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ