Өмнөговьчууд спортоор 654 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-26 23:25:40

Өмнөговь аймгийн тамирчид 654 медаль хүртсэн амжилтаар 2016 оноо үдэх гэж байна.

Тус аймгийн тамирчид улсын аварга шалгаруулах болон түүнээс дээш статустай тэмцээнээс  өмнөх онтой харьцуулахад 80 гаруй медалиар илүү амжилт гаргажээ. Энэ онд тив, дэлхий, олон улс, Монголын бүх ард түмний спортын наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад Биеийн тамир спортын тухай хууль болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Засаг даргын нэрэмжит шагнал, шигшээ багийн тамирчдад мөнгөн урамшуулал олгодог уламжлалын дагуу тамирчдаа урамшууллаа.

Хөнгөн атлетикийн ОУХМ Г.Цогтгэрэл “RIO-2016” паралимпд 5-р байрт шалгарахын зэрэгцээ бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр Монгол Улсын рекордыг 2 удаа шинэчлэн тогтоож 2016 оны шилдэг тамирчнаар шалгарлаа. Харин өсвөр үеийн оны шилдгийн шилдэг тамирчнаар 100 буудалт даамны спортын мастер С.Мөнх-Оргил шалгарсан байна. Тэрбээр ДАШТ-нд Турк даамны төрөлд оролцож, дэлхийн аварга болсон юм. Мөн аэробик гимнастикийн спортын мастер Э.Ананд, Шагайн харвааны Монгол Улсын дархан мэргэн У.Дэмүүл, гар бөмбөгийн спортын тамирчин Б.Батсуурь, хөнгөн атлетикийн спортын мастер Х.Одгариг нар 2016 оны шилдэг тамирчнаар шалгарсан байна. Шилдэг дасгалжуулагчаар БТСГ-ын Үндэсний бөх, чөлөөт бөхийн дасгалжуулагч аймгийн харцага Ц.Ганзориг, Шидэт бүжиг клубын багш, спорт бүжгийн улсын шүүгч О.Ганбаяр, Ханбогд бөхийн дэвжээний багш аймгийн начин Д.Эрхэмбаатар нар шалгарсан ажээ.

Баг тамирчдыг амжилт гаргах, бэлтгэл сургуулилтаа хийхэд онцгой дэмжлэг туслалцаа үзүүлсэн Таван толгой ХК-ийн хамт олныг шилдгийн шилдэг ивээн тэтгэгчээр тодрууллаа.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ