Зэрлэг амьтад идэш хоолгүйдэн, эцэж турж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-26 18:10:32

Увс аймгийн Малчин, Хяргас, Наранбулаг, Тариалан, Түргэн, Сагил, Баруунтуруун, Улаангом сумын нутагт цас их орсноос болж зэрлэг амьтад идэш хоолгүйдэн, амьдрах орчин нөхцөл нь хүндэрч эхлээд байна.

Иймд эдгээр сумын нутаг дахь зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир шүү яаралтай хүргэх шаардлагатай болжээ. Зэрлэг амьтдын ихэнх нь марал буга бөгөөд Увс аймгийн бугийн сүргийн 70-80 хувь нь хүндхэн байдалд өвөлжиж байгаа юм. Мөн марал бугаас гадна эдгээр сумд дахь зэрлэг гахай, бор гөрөөс, аргаль, янгир зэрэг амьтад ч идэш хоолгүйдэж байна.

Одоогоор Малчин сумын Баянхайрхан, Баянмандал ууланд 300-500 орчим буга идэш хоолоор хомс нөхцөлд байгаа бөгөөд тус суманд байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн хишиг” нөхөрлөлийн малчид биотехникийн арга хэмжээ авсан боловч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа аж. Мөн Түргэн сумын Эрээн харгай, Хоогчин, Улаан зуух, Баруун бэл орчимд 1000-1500 толгой буга, Хяргас сумын Бугат, Хайрхан, Булганхангай багийн нутагт 500 орчим буга идэш хоол, амьдрах орчин нөхцлөөр хүндхэн байна.

“Идэш хоолгүйдэн эцэж турсан зэрлэг амьтад уулнаас бууж гол руу орж ирэхдээ чоно нохойд хөөгдөх, малчны хотонд хоноглох үзэгдэл байнга гарч байгаа тухай мэдээлэл сумдаас их ирж байна” хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Энэ тухай мэдээлэл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ч байнга ирж байгаа бөгөөд “Зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир шүү бэлдэж өгөх биотехникийн арга хэмжээг нэн яаралтай авмаар байна. Гэвч төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа тул улсын Онцгой комиссоос туслалцаа үзүүлмээр байна” хэмээн тус газрын дарга Б.Батбаяр онцоллоо.

Цаашдаа Зүүнговь, Цагаанхайрхан сумдад ч гэсэн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул эдгээр сумын нутаг дахь зэрлэг амьтдад мөн биотехникийн арга хэмжээ авах шаардлагатай байгаа ажээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ