Архангайн дэвжээний 20 жилийн ойн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-22 13:06:10

Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан ирэх ням гарагт болно.

Хүчтэний өлгий нутаг хэмээгддэг Луу гүний алдарт Г.Вандан аварга, Даян аварга “Буур” хэмээх Н.Жамъян, Ц.Чимэд-Очир аварга, Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба нарын таван аваргаар манлайлуулсан Арын сайхан хангайн бөхчүүд зүлэг ногоон дэвжээнд үе үе тэргүүлж, Монгол бөхийн өнгийг тодорхойлж ирсэн.

1996 онд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй Архангай аймгийн бөхчүүдийн санаачлагаар “Бөх-Эрдэнэ” хэмээх дэвжээг анх байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд бөхийн дэвжээ үүсэх үндэс суурийг тавьсан юм. Тус дэвжээний суурин дээр 2006 онд Архангай аймгийн хэсэг залуус хамтран “Бөхбилэгт” дэвжээг байгуулсан бөгөөд өнөөдөр аварга, арслан, гарьд цолтон магнайлсан олон хүчит бөхчүүдтэй, тогтмол үйл ажиллагаатай, олонд танигдсан бөхийн дэвжээ болж өргөжсөн байна.

Архангай аймаг 125 улсын цолтонтой бөгөөд таван аварга, 14 арслан, нэг гарьд, 34 заан, долоон харцага, 64 начин цолтон уг нутгаас төрсөн. Энэхүү ойн нэрэмжит барилдаанд аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва тэргүүтэй энэ цагийн шилдэг хүчтэнүүд магнайлан зодоглоно. Тус барилдааны түрүү бөх таван сая төгрөг гардах бол үзэгчдийн дундаас гурван азтан тодорно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ