Докторын шагналыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-19 17:16:53

Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж шагналын асуудлыг хэлэллцээ. Тэрээр улсын олимпиадад түрүүлсэн хүүхдэд 500 мянган төгрөг, Боловсролын докторт 5 сая төгрөг, Шинжлэх ухааны докторт 10 сая төгрөгийн шагнал өгөх саналыг зарим тэргүүлэгчид гаргажээ. Энэ дагуу шагнал нэмэгдүүлэх асуудлыг судалж дахин оруулж ирэхийг холбогдох мэргэжилтэнд даалгасан байна.

Орон нутгаас доктор хамгаалах нь маш ховор аж. Одоогоор Увс аймагт хоёрхон доктор цолтон ажиллаж амьдардаг байна.

Өнгөрсөн он жилүүдэд улсын олимпиадад түрүүлсэн хүүхдэд 100 мянган төгрөг, Доктор хамгаалсан хүнд 1 сая төгрөгийн шагнал өгч иржээ. Гэтэл Улсын аварга цол авсан бөхөд 10 сая, Улсад түрүүлсэн моринд 10 сая төгрөг өгдөг байна. “Хүнийхээ "Алтан толгой"-г адгууснаас дор үнэлчихээд аймаг орон нутаг яаж хөгжих юм. Бөх, моринд Нутгийн зөвлөл, сум орон нутаг гээд шагналууд давхарддаг. Иймээс боловсролын салбарт амжилт гаргасан хүмүүсийнхээ шагналыг нэмэх хэрэгтэй хэмээн тэргүүлэгч С.Анхбаяр санал гаргасан юм. 

Бөх, морь хоёр аймаг орон нутгийг хөгжүүлэхгүй, харин тухайн орон нутагт амьдарч буй эрдэмтэн мэргэд л хөгжүүлнэ. Тэгээд ч доктор хамгаална гэдэг нөр их хөдөлмөр гэж үзэх тэргүүлэгчид олон байв.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ