Бага насны хүүхдэд эм, эмчилгээний үнийг чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-15 16:39:58

Нийгмийн даатгалын сангаас зарим төрлийн ханиад томууны эм, эмнэлгээр үйлчлүүлсэн эмчилгээний зардлыг санхүүжүүлэхээр нийт 1.5 тэрбум төгрөг зарцуулахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаас дэмжлээ.

Өвлийн хүйтрэл эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томууны дэгдэлт идэвхжиж хүүхдийн болон өрхийн эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж буй. Түүнчлэн эцэг, эхчүүд эм болон эмчилгээний төлбөрт багагүй мөнгө зарцуулж байгаа нь өрхийн төсөвт хүндрэл учруулж байгаа юм.

Тиймээс эмийн үнийн хөнгөлөлтөд 500 орчим сая төгрөг, хэвтэн эмчлүүлэх зардалд тэрбум орчим төгрөг зарцуулах юм. Тодруулбал, ханиад томууны эсрэг үйлчилгээтэй 10 гаруй нэр төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх, 0-5 настай хүүхэд ханиад томуугийн улмаас хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөргүй болгох хэрэгтэй гэж үзлээ. Үүнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамтай гэрээтэй хувийн эмнэлгүүд ч хамаарах юм.

Гэхдээ дээрх ажлыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох яам, агентлаг шуурхай ажиллаж эмний нэрс болон үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн нэрийг тодотгох шаардлагатай гэж тус хуралдаанаас үзлээ. 

Б.Туул

Холбоотой мэдээ