“Эрүүл хүүхэд-Эрүүл хүнс" аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
byambasuren@montsame.mn
2016-12-15 10:56:16

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Эрүүл хүүхэд-Эрүүл хүнс” сарын аяныг эхлүүлээд  байна.

Аяны хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 1-5 ангийн нийт 700 гаруй сурагчдад хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан, хэрэглэх хугацаа дууссан, чанар стандартын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргаж сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллалаа.

Хүүхдүүд дэлгүүр ТҮЦ-ээс худалдаа хийхдээ хамгийн хямд, чанаргүй хүнс, чихэрлэг зүйл худалдан авдаг нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайн худалдагч бараа бүтээгдэхүүн нь борлогдож байвал хүүхдийн эрүүл мэндийг боддоггүй “муу” зуршил газар аваад байгаа нь өнөөгийн нийгэмд тулгамдсан сэдэв болоод байна.

Ийм учраас баталгаагүй,чанаргүй хүнс хэрэглэвэл хүний эрүүл мэндэд ямар хор уршигтай болохыг үзэсгэлэнгээр дамжуулж хүүхдүүдэд сурталчилгаа хийж сарын аян өрнүүлж байгааг эцэг эх, багш нар дэмжиж байна.  

Мэргэжлийн хяналтын газар үзэсгэлэн зохион байгуулахын зэрэгцээ  тус сургуулийн нэг ангийн 32 сурагчдыг “МОН-ФА” ХХК-тай хамтран витаминжуулах ажлыг зохион явуулжээ. 

А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ