“Наньжины хядлага"-аас хойш 79 жил өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-13 15:53:48

БЭЭЖИН. /NHK/. “Наньжины хядлага” болсны 79 жилийн ой өнөөдөр тохиолоо. Энэ үеэр БНХАУ-ын албаны хүн уг хэрэгт япончууд буруутай гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Хоёр жилийн өмнө Хятадын Засгийн газар 12 дугаар сарын 13-ны өдрийг “Наньжины хядлага”-ын үеэр амиа алдсан хүмүүсийг гашуудан дурсах өдөр болгон зарласан билээ.

1937 онд Японы эзэн хааны арми Наньжин хотод хүч түрэн нэвтэрснийхээ дараа 300 мянга орчим хүнийг хөнөөсөн гэдгийг Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Жао Лөзи онцлон тэмдэглэлээ.

Харин Японы Засгийн газар олон энгийн иргэн амиа алдсаныг үгүйсгэх аргагүй гэж мэдэгджээ. Гэвч яг хэчнээн тооны энгийн иргэд амиа алдсаныг тодорхойлох боломжгүй гэж дурдсан байна.

Дайны золиос болсон хүмүүсийг дурсан санах газрууд Хятадад олон бий гэж Хятадын Засгийн газар мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ