Мянганы сорилтын сангийн гэрээнд Монгол Улс тэнцсэн эсэх шийд өнөөдөр гарна
МОНГОЛЫН МЭДЭЭГадаад харилцааны яамны удирдлагууд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах үеэр "Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний шалгаруулалтад манай улс тэнцэх эсэх шийдвэр өнөөдөртөө багтаж гарна" хэмээн мэдээллээ.
Америк-Ойрхи Дорнод Африкийн газрын захирал Д.Гансүх энэ тухайд, "Хоёр орны ГХЯ-д хоорондын 11 дүгээр улстөрийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 1-нд Вашингтон хотноо амжилттай болж өнгөрлөө.
Зөвлөлдөх уулзалт нь манай улсад шинэ Засгийн газар бүрэлдсэн, АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болсон, ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой зэрэг үйл явдлуудын огтолцол дээр болсоноороо онцлог. Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Америкийн улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах салбарын болон олон талт хамтын ажиллагааны асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын хүрээнд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, хөгжлийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн харилцаа зэрэг сэдэвчилсэн 5 хуралдаан болж, түүгээр талууд хоёр талын харилцааны асуудал, ялангуяа цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Мөн Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь гэрээ байгуулахаар манай улс сүүлийн 2-3 жил ажиллаж байна. Манай улсад өмнө нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн I компакт гэрээ амжилттай хэрэгжиж дууссан. Монгол Улс МСК-тай уг гэрээг байгуулах боломжтой улсаар дахин шалгарах эсэх шийдвэр өнөөдөр гарна.
Түүнчлэн Монгол, Америкийн хооронд 2013 онд Ил тод байдлын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой дотоодын зохицуулалтаа манай талаас дуусгасан гэдгийг мэдэгдсэн. Үүний дараа Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт, Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн ээлжит хуралдааныг 2017 оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тохиролцлоо" хэмээн мэдээллээ. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуудлаараа яамны удирдлагуудаас хариулт авсан юм.
-Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний шалгаруулалт өнөөдөр болох нь. Шалгаруулалтын дүнг хэзээ зарлах вэ. Шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд хэзээнээс үйл явц эхэлнэ гэсэн үг вэ?
-Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний шалгаруулалт өнөөдөр болно. Үр дүн нь тэр тухайдаа сайт дээр нь мэдээлэгдэнэ. Мөн АНУ-ын талаас тодорхой түвшинд мэдээлнэ. Шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд төслийнхөө техник эдийн засгийн үндэслэлийг гаргах бэлтгэл бэлэн. 2017 оны 9 сар гэхэд гарын үсэг зурах хуваарьтай.
-Оюутолгой баяжмалаа хилээр гаргахаа зогсоосноос хамаарч зарим ААН-үүд үйл ажиллагаагаа хумьж, ажилчдаа эргүүлэн татаж байна гэх яриа байгаа юм. Үүнтэй холбогдуулж асуухад Оюутолгой хэзээнээс баяжмалаа хилээр гаргаж эхлэх бол. Яам энэ асуудал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ?
-"Оюутолгой баяжмалаа хилээр гаргахаа зогсоолоо” гэсэн албан ёсны мэдээлэл бидэнд байхгүй. Экспортоо зогсоосон тухай мэдээллийг хэвлэл мэдээллээс олж мэдсэн. Асуудал нь замын ачаалалтай холбоотойгоор Оюутолгойн ачааг тээвэрлэх бололцоогүй гэсэн байсан. Яриа хэлэлцээ хийж байна.
-Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар Монголын хил дээр 60 км урт түгжрэл үүссэн хэмээн мэдээлсэн. Энэ мэдээлэл ортой юу. Одоо байдал ямар байна вэ?
-Нэг машины урт 18 м, чиргүүлтэй 36 м байдаг. Даваа гарагийн өглөө ажил эхлэхээр урт цуваа үүсч, ачаалал үүсдэг. Үүний зэрэгцээ шалган нэвтрүүлэхүүдийн хоорондох автопост дээр хураамж авах гэж дугаар үүсдэг тал бий. Энэ талаар гаалийнхантай ярилцсан. Цаашид ийм дараалал үүсгэхгүйн тулд ярьж хэлэлцэж байна.
-Энэтхэгийн Засгийн газраас авах 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудал дээр зарим орны хэвлэл дээр шүүмжилсэн мэдээлэл гарсан байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хилийн чанадад байгаа ДТГ-ын тэргүүнүүд, Элчин сайд, Ерөнхий консул, консулууд төвөөсөө зөвшөөрөл авч байж суугаа орныхоо хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгдөг журамтай. Нэг тэрбум ам.долларын шугамтай холбоотой асуудлаар тус улсад суугаа Элчин сайд мэдээлэл өгсөн. Тиймээс тухайн ярилцлагын хуулбар болон тайлбараа өгч явуулахыг үүрэг болгосон. Хариу тайлбар удахгүй ирнэ. Энэтхэгийн Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээхээ мэдэгдсэн. Энэ бол олон улсын гэрээ. Тиймээс олон улсын гэрээний дагуу хэрэгжих ажил юм.
-Далай ламд виз олгосноос болж Консулын ажилтан ажлаасаа халагдсан тухайд ямар тайлбар хийх вэ?
-Энэ асуудал нь төрийн нууцтай холбоотой учир ямар нэгэн хариу тайлбар өгөх боломжгүй.
-“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахтай холбоотой асуудлаар Консулын газраас ямар тайлбар хийх вэ?
-“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ хүрээнд цагдаагийн байгууллага ГХЯ-нд хандаад ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан дипломат эрх ямба эдэлдэг үү гэсэн лавлагаа авахыг хүссэн. Энэ дагуу цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлсэн. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул үүнээс өөрөөр мэдээлэл өгөх боломжгүй.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ