АН-ын даргад нэр дэвшигчдээс 250 сая төгрөг шаардаж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭАН-ын даргад нэр дэвшихэд 250 сая төгрөг төлөх бөгөөд сонгуулийн нийт зардал нь 2.5 тэрбум төгрөг болж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийв.
Мэдээллийн эхэнд тэрбээр “12 дугаар сарын 6-нд болсон Намын Их хурлын дараа Дотоод сонгуулийн хороог 30 хүнтэйгээр шинэчлэн байгуулсан. Энэ хороо намын даргыг нийт гишүүдээс сонгох үүрэгтэй. АН-ын даргад ямар хүмүүсийг өрсөлдүүлж болох вэ гэдэг асуудал нэлээн маргаантай байгаа. Намын шинэ гишүүдийн намын даргад өрсөлдөх үүд хаалгыг нь хаах гэсэн оролдлогууд явсан. Тухайлбал, удирдах албан тушаалд 10 жил ажилласан хүн намын даргад өрсөлдөнө гэсэн заалт нэмж өгсөн. Гэхдээ намын гишүүд энэ заалтыг хасч чадсан. Гэтэл Сонгууль зохион байгуулах хорооноос АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн шалгуур үзүүлэлтүүдийг шинээр гаргаж ирсэн. Энэ шалгуур үзүүлэлтээр мөн л гишүүдийг ялгаварлан гадуурхаж байна. Тухайлбал, АН-д ороод 5 жил болсон хүн эхний удаад 250 сая, нийт 500 сая төгрөг өгвөл намын даргад өрсөлдөх боломжтой гэж заасан байна" гэсэн юм.
Мөн тэрбээр уг заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд 250 сая төгрөгийн босгыг дор хаяж 100 сая болгох, намын даргын сонгуулийн саналын хуудсыг гар аргаар тоолох биш технологийн дэвшлийг ашиглаж тоолох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийллээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал