Золбин нохой устгалд 1,8 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-08 22:59:28

Чингис хотод золбин нохой устгал 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхэлж, 260 орчим нохой устгахаар 1 сая 800 мянган төгрөг батлагджээ.

Нохой устгалын ажилд гэрээ хийсэн анчин, жолооч, ачигч буулгагч гэсэн гурван хүн ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 100 орчим нохой устгаад байгаа бөгөөд иргэд -“Энд тэнд олон бөөгнөрсөн нохой байна” гэсэн дуудлага мэдээллийг сайтар өгч тус ажилд дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч нөгөө талаараа хэрүүл маргаан хийх тохиолдол нэлээд хэд гарчээ.

Тодруулбал хотын оршин суугчид нохойг өөрийн эзэмшлийн орон сууц, байр, хашаанд тусгай цэгт өдрийн 06-22 цагт байнгын бат бөх уяа, гинжээр уяж хамгаалсан байх үүргээ биелүүлээгүйн улмаас тэжээж буй ноход нь буудуулсан, устгуулсан тохиолдол цөөнгүй гарсан байна. Аймгийн Хот тохижилтын газраас нохой устгалын ажил эхлэхийн өмнө орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэдгээ хэлж байгаа юм.

Хэрлэн сумын  нутаг дэвсгэрт гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх, эзэмших, устгах журмыг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар баталсан байдаг аж. Тус журманд “Эрх бүхий газар /баг/-аас олгосон тусгай гэрчилгээ, пайзтай, оноосон дуудлагатай, жилийн төлбөр хураамжаа зохих журмын дагуу төлж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, тарилганд хамрагдсан нохой, муурыг иргэд, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшлийн гэж үзэх ба түүнээс бусад нохой, муурыг золбин гэж тооцно” хэмээн заажээ. Мөн хотын оршин суугчид 1-2, малчны суурьт 3-аас илүүгүй нохой тэжээхийг зөвшөөрдөг байна.

Д.Одонтунгалаг

 

 

Холбоотой мэдээ