Ж.Эрдэнэбат: МОНЦАМЭ агентлагийн статусыг сэргээж, төрийн мэдээллийн агентлагийн түвшинд ажиллуулах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-12-08 17:26:24

Монгол Улсыг гадаадад сурталчлах үндсэн чиг үүрэгтэй МОНЦАМЭ агентлагийн статусыг сэргээж, төрийн мэдээллийн агентлагийн түвшинд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ЗГХЭГ-т өглөө. 

Тэрбээр МОНЦАМЭ агентлагт зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, ажилтан, албан хаагчдын санал бодол, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо. Танилцах уулзалтын эхэнд МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг урилгыг нь хүлээн авч, 96 жилийн түүхтэй мэдээллийн төрийн агентлаг МОНЦАМЭ-гийн үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, орлогч дарга Ш.Батболд байгууллагын товч танилцуулгыг хийсэн юм.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх үндсэн чиглэлээ хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. МОНЦАМЭ нь Монголын мэдээллийн Төрийн агентлаг хэмээн олон улсад болон ижил төрлийн үйл ажиллагаатай агентлагуудын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд МОНЦАМЭ агентлагийг Монгол Улсын тухай мэдээллийн баталгаат эх сурвалж мөн гэж үнэлдэг.

Өнөөдөр МОНЦАМЭ агентлаг нь Reuters, VOA, ТАСС, Xinhua, Kyodo news, Nikkei, Yonhap, Anadolu, Russia Today, KCNA зэрэг дэлхийн нэр хүнд бүхий 20 гаруй мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээтэй, тэдний мэдээг албан ёсны эрхтэйгээр, шууд эх сурвалжаас нь орчуулж дотоодын уншигчиддаа хүргэж байна.

Түүнчлэн Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын /OAНA/ гишүүнээр 1981 онд элсч, 35 орны 44 мэдээллийн агентлагтай Монгол Улсын талаар мэдээ мэдээлэл хүргэж байна. 2010-2016 онд тус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр, 2016 онд Техникийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. 

Агентлагийн ажилчдын 65 хувийг гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн, олон оронд мэргэжил дээшлүүлсэн, гадаад хэлний өндөр мэдлэг, ур чадвартай сэтгүүлч, орчуулагчид эзэлдэг юм. 

Гэвч МОНЦАМЭ агентлагийн төрийн статус 2005 оноос тодорхойгүй байдалд шилжиж, үүнийг хууль гаргах замаар шийдвэрлэхээр ХЗДХЯ-тай хамтран ажлын хэсэг гаргаж, удаа дараа хуулийн төсөл боловсруулан 2007, 2011 онд Засгийн газарт өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй өдийг хүрсэн юм. Энэ нь 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасантай холбоотой юм.

Олон улсын жишгээс үзэхэд үндэсний мэдээллийн агентлаг нь Засгийн газрын болон Парламентын, тэрчлэн Ерөнхийлөгчийн ивээл дор ажилладаг практик зонхилдог. Харин өндөр хөгжилтэй, хэвлэлийн эрх чөлөөний олон жилийн түүхтэй улс орон хувьцаат компани, хоршоолол хэлбэрээр мэдээллийн агентлагууд оршин тогтнодог. Ийм мэдээллийн агентлагт BBC, CNN, Reuters, Kyodo зэрэг дэлхий дахинаа нэр хүндтэй, байр сууриа нэгэнт олсон агентлагууд багтаж байгаа юм. Хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын хувьд мэдээллийн агентлагууд нь 100 хувь төрийн мэдэлд ажиллаж, тогтсон жишгийн дагуу нэг сувгаар улс орноо гадаадад сурталчлах гол эх сурвалж болж байна.

МОНЦАМЭ агентлагийн статус тодорхой болох нь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх, олон улс дахь нэр хүндээ хадгалах, энд ажиллаж буй хамт олны урам зоригийг сэргээх, тэдний нийгмийн байдлыг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Тиймээс тус хамт олон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэн яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах замаар МОНЦАМЭ агентлагийг статус, эрхзүйн орчныг тодорхой болгох хүсэлтийг Ерөнхий сайдад уламжлав. Ингэхдээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. Энэ заалт Монгол Улсыг гадаадад сурталчлах үүрэг бүхий Үндэсний мэдээллийн агентлагт үл хамаарна” эсвэл “Засгийн газар Монгол Улсын тухай мэдээллийг дэлхий дахинд түгээж, сурталчилдаг мэдээллийн хэрэгсэлтэй байж болно” гэсэн агуулга бүхий өөрчлөлтийг хуульд тусгах боломжтой гэж үзэж байгаа юм. 

Үүнээс гадна дэлхийн нийтийн чиг хандлагатай зэрэгцэж, олон улсын агентлагуудтай мөр зэрэгцэн ажиллахад техник, технологийн шинэчлэл хийх шаардлага тулгарч байгааг МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд онцолж байв. 

Уулзалтын үеэр МОНЦАМЭ агентлагийн ажилчдыг төлөөлж, орчуулагч, хариуцлагатай редактороор 37 жил ажилласан Англи хэл дээрх хэвлэлийн Нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч Г.Пүрэвсамбуу санал хэлсэн юм. Тэрбээр МОНЦАМЭ агентлагт үе үеийн шилдэг сэхээтнүүд өндөр шалгуураар орж, тогтвор суурьшилтай ажиллаж ирснийг онцлоод “Аливаа улсын Үндэсний мэдээллийн агентлаг нь тухайн улсын тусгаар тогтнолын бэлгэдэл, баталгаат эх сурвалж байдаг. Манай улс шиг жижиг орны хувьд гадаад сурталчилгаанд зайлшгүй анхаарах шаардлагатай" гэлээ.

МОНЦАМЭ агентлагийн Эдийн засгийн албаны сурвалжлагч Б.Ариунзаяа “Агентлагийн статус тодорхой бус байгаагаас үүдэн МОНЦАМЭ агентлаг улс орны, олон улсын шинжтэй, онцгой ач холбогдолтой үйл явдлыг сурвалжлах эрх нь зарим тохиолдолд бүдгэрдэг. Гадны улс орнуудын мэдээллийн агентлагийн сурвалжлагчдад тэргүүн эгнээнд явж сурвалжлага хийх боломжийг төр засаг нь олгодог. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаар гэхэд БНСУ-ын “Ёнап” агентлаг,  Оросын “ТАСС”,  Хятадын “Синьхуа” агентлагийн сурвалжлагчид төрийн түшээдээ дагалдан ирж АСЕМ-ын хурлын мэдээллийг түгээж байв.  Гэвч ийм зиндаанд МОНЦАМЭ агентлаг явж чадахгүй байна. Тиймээс Засгийн газрын дэргэдэх МОНЦАМЭ агентлаг гэдэг статусыг шийдэж төр засаг Үндэсний агентлагаа тэргүүн эгнээнд авч үзэхийг нийт сэтгүүлчдийнхээ өмнөөс уламжилж байна” гэлээ. 

МОНЦАМЭ агентлагийн Гадаадад мэдээллэх редакцийн хариуцлагатай редактор Я.Индра “Бид Монгол Улсыг гадаадад сурталчлах, имижийг бүрдүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ олон жил тогтсон зарчим, цогц байдлаа баримтлан, салбар бүрийн мэдээллээс улсын нэр хүндэд эерэг нөлөөлөх ололт давуу тал, ач холбогдолтой мэдээллийг сонгодог. Хоёр орны харилцааны асуудлаар гэхэд Монголын байр суурийг түлхүү мэдээллэхийг эрмэлзэж ирлээ. Тиймээс агентлагийн статусыг сэргээснээр Монгол Улсын гадаад сурталчилгааны бодлогыг “нэг цонх”-оор явуулах эрх зүйн үндэс нь бүрдэнэ” гэлээ. 

Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд албан ёсоор сурвалжлагч суулгаж, орон нутгийн үйл амьдралыг дотооддоо төдийгүй гадаадад түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллага юм. Гэвч мөн л статусын тодорхойгүй байдлаас үүдэн доод шатлалын цалин авдаг, МОНЦАМЭ агентлагт 30-40 жил хариуцлагатай редактораар ажиллаж, хэвлэл мэдээллийн хөгжил, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилчид 3 сарын ч тэтгэмж авч чадахгүй тэтгэвэрт гарч буйг агентлагийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Д.Отгонбаяр хэлсэн юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байгууллагын үйл ажиллагаа, санал хүсэлтийг сонсоны дараа МОНЦАМЭ агентлагийн хамт олонд хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Би хүүхэд байхаасаа МОНЦАМЭ агентлагийн нэрийг сонсохдоо гадаадад Монголын талаар мэдээллийг хүргэдэг, өндөр түвшний чадварлаг хүмүүс ажилладаг, маш том байгууллага гэж ойлгож ирсэн. Би та бүхний хэлж буйтай санал нэг байна. Монгол Улс өнөөдөр гадаад дахь нэр хүндээ өсгөж, гадаадад гаргаж байгаа мэдээллээ чанартай, хүртээмжтэй болгож байж бид Монгол гэх улс байдаг, Монгол Улс юу хийж, бүтээдэг, монголчууд юу чаддаг улс юм бэ гэдгийг харуулах юм. Ингэж байж бид аялал жуулчлалыг хөгжүүлж, Монгол брэндийг бий болгож, бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд худалдаж чадна. Монгол Улсын Ерөнхий сайд гадаад улсад айлчиллаа гэхэд зөвхөн тэр хоёр улсад мэдээллээд өнгөрөх бус дэлхий дахинд түгээн  сурталчлах үүргийг МОНЦАМЭ агентлаг хүлээдэг. Тиймээс МОНЦАМЭ агентлаг бол хуучрахаар нь тайлаад хадгалчихдаг хувцас биш, харин Монголчуудын хувьд өдөр тутамдаа өмсөж эдэлдэг хувцас шиг тийм чухал байгууллага байх ёстой. Та бүхний тавьж буй саналыг хүлээж авахаас өөр аргагүй. МОНЦАМЭ агентлаг төрийн тусгай алба байх ёстой. Улс орны мэдээллийн аюулгүй байдал бүхий л талаасаа МОНЦАМЭ агентлагтай холбоотой. Тиймээс МОНЦАМЭ агентлагийн эрхзүйн орчныг тодорхой болгож, хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Энэ талаарх ажлыг яаравчлан эхлүүлэхийг ЗГХЭГ-т үүрэг болгож байна. Мөн техник, технологийн шинэчлэлийг агентлагийн түвшинд заавал хийж байж дэлхийн хэмжээнд мөр зэрэгцэн алхах учир үүнд анхаарах шаардлагатай. Үүнээс гадна МОНЦАМЭ агентлагийн БНХАУ, ОХУ дахь сурвалжлагчдыг дипломат албаны бүрэлдэхүүнд багтаахыг Гадаад харилцааны яаманд чиглэл өгөх нь зүйтэй. Төр засгийн зүгээс үндэсний агентлагаа энэ мэт бүх талаар дэмжиж ажиллахын зэрэгцээ агентлагийн ажилчдын амжилтаас их олон зүйл шалтгаална” хэмээв. 

Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд Ардын хувьсгал ялж, Монгол Улс Тусгаар тогтносон тэр цагаас эхлэн улсынхаа мэдээ мэдээллийг дэлхий нийтэд түгээх эрхэм үүргийг хүлээж, хүнд нөхцөлд ч үндсэн үүргээ биелүүлэхээр чармайж ажиллаж ирсэн МОНЦАМЭ агентлагийн үе үеийн хамт олонд талархал илэрхийлэн, ажлын амжилт хүслээ.  

Уулзалтын дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МОНЦАМЭ агентлагийн хэвлэх үйлдвэр, Гэрэл зургийн студи, гадаад хэл дээрх хэвлэлийн редакциуд, Дотоод мэдээний нэгдсэн редакцтай танилцаж, агентлагийн үе үеийн түүхийг илтгэсэн гэрэл зургийг үзэж сонирхсон.Тэрбээр энэ үеэр агентлагийн эрхлэн гаргаж буй хэвлэмэл бүтээгдэхүүнийг МИАТ, Монголын төмөр зам авч, зорчигч үйлчлүүлэгчдэд албан ёсоор хүргэх болон Засгийн газрын болоод Ерөнхий сайдын түвшинд хийх гадаад айлчлалын хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүнд МОНЦАМЭ агентлагийн төлөөллийг заавал оруулах талаар журам боловсруулах зэрэг үүргийг холбогдох хүмүүст өгөв. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал
 

 

Холбоотой мэдээ