Хөгжөөн дэмжигчийн паспортыг ирэх оны 2 дугаар сараас олгож эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-12-08 09:32:46

САНКТ-ПЕТЕРБУРГ./TASS/. ОХУ-д 2018 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтуудыг үзэх хүмүүст 3 сая орчим FAN-ID буюу хөгжөөн дэмжигчийн паспорт олгох ажээ. Энэ тухай Оросын Засгийн газрын Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн шадар сайд Виталий Мутко мэдэгдлээ.

Ийм паспортгүйгээр Оросын болон гадаадын хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх ямар ч боломжгүй юм. Паспорт олгох болсон нь 2014 онд Сочид болсон Олимпын болон Паралимпын тоглолтын үеэр хэрэгжүүлсэн туршлагаас санаа аван хэрэгжүүлж байгаа арга хэмжээ аж.

Хөгжөөн дэмжигчийн паспорт авсан гадаадын хөгжөөн дэмжигчид Оросын хилээр визгүйгээр нэвтрэх давуу талтай. Түүнээс гадна тэмцээн болох хотуудын дотор нийтийн тээврээр, хотуудын хооронд төмөр замаар үнэ төлбөргүйгээр зорчих боломжтой.

Уг паспортыг авахыг хүссэн хүмүүс www.fan-id.ru цахим хуудсанд нэвтрэх буюу 2017 онд Конфедерацийн цомын тэмцээнийг зохион байгуулах хотууд болох Москва, Казань, Сочи хотуудад удахгүй нээгдэх паспорт олгох төвүүдэд хандаж болно.

Одоогийн байдлаар Конфедерацийн цомын тэмцээний 50 мянга орчим тасалбарыг борлуулаад байгаа бөгөөд тасалбар худалдан авсан хөгжөөн дэмжигчид FAN-ID-гээ захиалж болох ажээ.

Хөгжөөн дэмжигчийн паспортыг 2017 оны 2 дугаар сард олгож эхэлнэ.

Х.Сарнай 

 


 

Холбоотой мэдээ