Хятадад суух элчин сайдаар Т.Брэнстэдийг санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-12-07 16:52:12

НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсон Дональд Трамп Хятадад суух элчин сайдаар Айова муж улсын захирагч Терри Брэнстэд-ийг томилох саналтай байгаа ажээ. Трамп, Брэнстэд нар саяхан Нью-Йорк дахь "Трамп тауэр” гэдэг Трампын эзэмшлийн цогцолборт уулзсан тухай Америкийн хэвлэлүүд бичиж байна.

“Блүүмбэрг” агентлагийн мэдээлснээр, “Брэнстэд бол Хятадын удирдагч Си Зиньпиний эртний анд" гэнэ. 1985 онд Си Зиньпин ах дүү хотуудын хөтөлбөрийн хүрээнд Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Айова муж улсад зочилж байжээ. Хэдийгээр энэ хоёр хүний хооронд соёлын ялгаа бий боловч хөдөө аж ахуйн салбарыг хоёулаа сонирхдог учраас тэд ойр дотно харилцаатай болсон байна.

Өдгөө 70 настай Брэнстэд АНУ-БНХАУ-ын харилцаанд зөрчил үүсээд байгаа энэ үед элчин сайдаар томилогдох гэж байгааг Блүүмбэрг агентлаг онцлон дурджээ. Өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь-тэй утсаар ярьсан нь Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн билээ.

Т.Брэнстэдийн хувьд муж улсын захирагчийн албан тушаалыг 22 жилийн турш тасралтгүй хашсан нь АНУ-д дээд амжилт гэгдэхээр хугацаа юм. Тэрбээр сонгуулийн кампанит ажлын үеэр Трампыг тууштай дэмжиж, өөрийн муж улсад ялалт байгуулахад нь ихээхэн тус хүргэжээ.

Б.Адъяахүү     

 

Холбоотой мэдээ