Нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2016-12-07 15:25:28

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж эрчим хүчний шөнийн хэрэглээний тарифыг тэглэхэд 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл үүнийг ажил хэрэг болгохоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга  С.Батболд нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.

Нийслэлийн гол асуудал бол утаа, хүрээлэн буй орчны бохирдол бөгөөд Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  байгаль орчин, ногоон хөгжилд анхаарч ажиллахыг онцгойлон тусгасаны хүрээнд талууд хамтран ажиллахаар болж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд 19 зорилтын дагуу 83 арга хэмжээг ирэх онд  хэрэгжүүлэх аж. Үүнээс дурдвал  агаарын бохирдлыг бууруулах стратеги төлөвлөгөөг боловсронгуй болгох, тодорхой зорилтот бүлгийг сайжруулсан зуух шахмал түлшээр хангах зэрэг арга хэмжээнд 1.5 тэрбум төгрөгийг зарцуулах, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх, үйлчилгээг боловсронгуй болгох, насжилттай автомашины татварыг нэмэгдүүлж хэрэглээнээс хасахад анхаарч ажиллах юм байна.

Мөн гэрээнд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, газрын доорхи усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор уст давхаргад ус нөөцлөх, нөхөн сэргээх шинэ технологийг нэвтрүүлэх, саарал усыг зохих түвшинд цэвэрлэж дахин ашиглах нөхцлийг бүрдүүлэх, Туул голын бохирдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тугасгажээ.  

Түүнчлэн арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттай нийслэлээс гаргаж Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркад нүүлгэн шилжүүлэхэд анхаарч ажиллах юм.

 Б.Заяа

Холбоотой мэдээ