Эрдэнэцагаан сумыг “Жишиг сум” болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг “Жишиг сум” болгон хөгжүүлэх зорилгоор сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсрууллаа.
“Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар албан ёсоор хүлээн авлаа.
Төлөвлөлтийг 2015-2020, 2020-2030 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд тухайн суманд боловсрол, эрүүл мэнд, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хил дамнасан чөлөөт бүс, боловсруулах үйлдвэр, тээвэр, хил орчмын аялал жуулчлал, мэдээлэл технологи, уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлэх боломж бий гэж үзэж байна. Хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хадлан тэжээл, эрчимжсэн мал аж ахуй, мах боловсруулах үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр, барилгын материал, арьс шир боловсруулах үйлдвэр хэмээн тодорхойлжээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Эрдэнэцагаан суманд нийт 35,6 км авто зам, дулаан, ус болон цахилгаан хангамж, мэдээлэл холбоо зэрэг дэд бүтцийн асуудлыг цогц шийдвэрлэн улмаар орон сууц, олон нийтийн, үйлдвэрлэлийн, инженерийн шугам сүлжээ, зам тээврийн, ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын, хөдөө аж ахуйн, тусгай зориулалтын болон нөөц бүсүүдийг бий болгон орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг байгуулах юм.
Эрдэнэцагаан сум нь нутгийн зүүн өмнөд хэсэгт байрлалтай, хилийн сум юм. Баруун урд талаараа Дарьганга, баруун хойд талаараа Асгат болон Сүхбаатар сумтай, хойд талаараа Дорнод аймгийн Матад сумтай, зүүн болон урд талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг. Мөн сумын төв нь Монгол Улсын байнгын ажиллагаатай олон улсын чанартай “Бичигт” хилийн боомтоос 75 км зайд байрлаж байна.
Газар нутгийн байршил, хэмжээ, хүн ам, байгалийн нөөц баялаг, өндөр ашиг шимт мал сүрэг зэрэг давуу талыг харгалзан "Жишиг сум" болгохоор ерөнхий төлөвлөгөө боловсруулжээ.
Т.Одончимэг