Худалдагч нар ур чадвараараа уралдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭӨдөр тутамд дэлгүүрээр үйлчлүүлдэг ч үйлчилгээ үзүүлж байгаа худалдагчийн эзэмшсэн байвал зохих ур чадварыг бид төдийлөн анзаардаггүй байж болох юм. Тэгвэл энэ ур чадварыг харж болохуйц нэгэн уралдаан Дундговь аймгийн Мандалговь хотод боллоо. Уралдааны үр дүнд Мандалговь хотын чадварлаг худалдагч нар тодорсон юм.
Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд худалдагч нарын ур чадварын уралдааныг аймгийн ЗДТГ, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд Мандалговь хотод худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн 22 худалдагч ур чадвараа сорив. Худалдагч нар ур чадвар болон онолын мэдлэгээр өрсөлдсөн юм. Тодруулбал, бараа бүтээгдэхүүн тайлбарлах, тавиур дээр уран гоёмсог өрөх чадвар, жин хэмжилт болон тооцоолон бодох, бүтээгдэхүүний шинж чанар, ашиг тус, сав баглаа боодол, хаяг шошгыг тайлбарлаж, худалдаа үйлчилгээний стандарт, холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ сорих нь уралдаанд оролцогчдын гол даалгаварууд байлаа.
Уралдаанд оролцогчдоос мэдлэг, ур чадвараараа давамгайлж “Дэлгэрэх судал”ХХК-ийн худалдагч Н.Мөнхчимэг, “Эмтийн ширээ” ХХК- ийн П.Нэмэхбаяр, “ЭОЖИН” ХХК-ийн Д.Энхцацрал нар эхний гурван байрт шалгарсан бол “Жонын булаг” ХХК-ийн худалдагч Ц.Энхтуяа, “Эхэн хөшөөт” ХХК-ийн Б.Лхагвасүрэн нар уралдааны тусгай байрын шагналыг гардан авав.
Худалдагч нарын ур чадварын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Уралдаан зохион байгуулах нь худалдаа үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг сайжруулах, хүн амыг эрүүл орчинд аюулгүй хүнсээр хангах нөхцлийг бүрдүүлэх, худалдагчийн харилцаа ёс зүй, ур чадварыг дээшлүүлж, бие биеэсээ суралцах, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой байдгийг уралдаан зохион байгуулагчид тодотгосон юм.
Т. Отгонтуяа