Иргэд техникийн спиртэд хордсоныг тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-11-29 16:44:43

Дорнод аймагт ажиллаад ирсэн ЭМЯ-ны эмч, мэргэжилтнүүд өнөөдөр техникийн спиртэд хордсон иргэдийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ, “Дорнод аймгийн Халх гол суманд үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанитай хамтран ажилладаг гэрээт “Зөв боломж” компанийн 23 ажилчин энэ сарын 26-ны 18.00 цагт хордлоо гэсэн мэдээг ЭМЯ-нд  ирүүлжээ. Яамнаас мэргэжилтнүүдийг тухайн газар нутагт явуулж шуурхай арга хэмжээ авч ажиллав. Нийт 23 хүн хордсоноос гурван хүн эмнэлэг явах замдаа, нэг хүн газар дээрээ нас барсан. Тус компанийн махны агуулахад байдаг хятад архины үнэртэй, савтай шингэнийг тухайн үед 23 хүн хуваан уусан гэсэн анхны мэдүүлэг бий. Уусан хэмжээнээсээ шалтгаалан хүндрэл гарсан. Яамны зүгээс яаралтай арга хэмжээ авч эрүүл мэндийн салбарын зөвлөх эмч нар, хор судлалын мэргэжилтнүүдийг явуулсны үр дүнд тодорхой цаг хугацаанд эрт оношилж, арга хэмжээ авч чадсан гэж үзэж байна. Иргэд техникийн спирт хэрэглэсэн гэдэг нь МХГ болон эмч нарын дүгнэлтээр тогтоогдлоо. Бид олон жилийн өмнө Багануурт ийм хордлогын асуудалтай тохиолдож байсан. Тиймээс цаашид яаралтай ийм асуудал үүсэхэд туслах баг, алсын дуудлага, эмчлэх, оношлох багаж төхөөрөмж зэрэг цаг алдалгүй арга хэмжээ авах асуудлыг Засгийн газарт тавиад байна” гэв.

ЭМЯ-ны Хор судлалын ерөнхий мэргэжилтэн С.Юндэн, “Өнөөдрийн байдлаар 17 хүн эмчилгээ хийж байна. Үүнээс 5 хүн нь эрчимт эмчилгээний тасагт, бусад нь ерөнхий эмчилгээний тасагт эмнэлгийн хяналтад байна. Онош нь техникийн спиртийн хольцтой шингэний хордлого байсан. Биднийг очиход 2 нь тогтвортой хүндэвтэр байдалтай, 3 нь дунд зэргийн гэсэн үнэлгээтэй 5 хүн сэхээнд байсан. Монгол Улсын стандартад заасны дагуу хордлого тайлах ерөнхий эмчилгээ хийсэн. Техникийн спиртийн хор тайлах, цус шүүх зэрэг өвөрмөц эмчилгээг давхардсан тоогоор 7 хүнд 14 удаа хийсэн. Одоогийн байдлаар хүмүүсийн биеийн байдал сайжрах хандлагатай байгаа. Клиник үзүүлэлт, лабораторийн шинжилгээ батлагдсан учир биеийн байдал тогтвортой байдалд шилжсэн” гэв.

МХЕГ-т ирүүлсэн дээжийг тус газрын лабораторид шинжлээд метилийн спирт /метанол/ болохыг толтоожээ. Метилийн спирт нь өнгөгүй, дарвиганасан амттай, спирттэй төстэй үнэртэй шингэн бөгөөд будаг үйлдвэрлэх, хөлддөггүй, тэсэрдэггүй холимог бэлтгэх, лак болгон өргөн ашигладаг аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ