Марракешийн хэлэлцээрт нэгдэн орохоор болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслийн соёрхон батлах асуудлыг хэлэлцэв.
2013 оны 12 дугаар сард Индонез Улсын Бали хотод болсон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын 9 дэх удаагийн Бага хурлаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол болон түүний хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн тохирчээ. Уг протоколд нэгдэн орох асуудлыг дэмжиж НҮБ-тай хамтран 2014 оны 6 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ач холбогдол" сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулсан аж.
Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын гуравны хоёр (2/3) нь буюу 110 гишүүн орон нэгдэн орсноор уг хэлэлцээр хүчин төгөлдөр болох бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 164 орноос 96 улс нэгдэн ороод байгаа юм байна. Манай улсын Засгийн газрын энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол (Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр) -д Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Уг хэлэлцээр нь ДХБ-ын гишүүн улсуудын гаалийн үйлчилгээг сайжруулах, хилээр нэвтрүүлэх болон дамжин өнгөрөх барааг түргэн шуурхай нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой аж.
Хэлэлцээрт нэгдэн орсноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түншүүдээс дэмжлэг туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажиж, худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагаа тодорхойлсоны үндсэн дээр өөрийн чадавхаа бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг авах боломж бүрдэх юм байна. Дэлхийн худалдааны байгууллагын судлаачдын тооцоолсоноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хувьд гадаад худалдааны зардал 13.2-15.5 хувь буурч, экспорт 13.8-22.3 хувь хүртэл нэмэгдэх боломжтой аж.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр хуулийн төслийг соёрхон баталлаа.
Б.Туул