Дэлхийн аваргын төлөө тоглож буй шатарчдаас сэргээшийн шинжилгээ авчээ

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-11-24 12:02:26

МОСКВА./TASS/. Шатрын дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөж буй Норвегийн Магнус Карлсен, Оросын Сергей Карякин нар 9 дэх өргөө тоглосны дараа сэргээшийн шинжилгээ өгчээ.

Аваргын төлөөх тоглолтын өмнөхөн Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов хэлэхдээ, хоёр шатарчин сэргээшийн шинжилгээнд орно гэж байсан юм.

Ес дэх өргийн дараах байдлаар Оросын шатарчин 5:4 харьцаагаар халз тоглолтыг тэргүүлж байна. Хоёр тамирчин нийтдээ найман өрөгт хайнцсан бол С.Карякин нэг удаа /8 дугаар өрөгт/ хожжээ.

Хоёр шатарчин нийтдээ 12 өрөг тоглох ёстой бөгөөд хоёр өрөг тоглосны дараа тэдэнд нэг хоногийн амралт олгож байгаа аж. 10 дахь өргийн тоглолт өнөөдөр болох ба Карякин хараар тоглоно.

Үүний сацуу Карлсентай холбоотой багахан дуулиан шуугиан үүсчээ. Тэрбээр 8 дахь өрөг дууссаны дараа болсон хэвлэлийн бага хурлыг орхин гарч явсан тул түүнд торгууль ногдуулсан байна.

Тэмцээний дүрэм ёсоор хэвлэлийн бага хуралд оролцоогүй шатарчныг шагналын мөнгөнийх нь 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгох аж. Тэмцээний шагналын сан 1 сая орчим евро бөгөөд ялсан шатарчин энэ мөнгөний 60 хувийг хүртэх юм.

Х.Сарнай

Холбоотой мэдээ