Нэг ангийн 23 сурагч "Ном уншигчдын клуб"-т нэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад сумын гуравдугаар сургууль дээр "Ном уншигчдын клуб" ажилладаг юм. Тус клубт энэ хичээлийн жилд 12а ангийн 23 сурагч нэгджээ.
Тус ангийнхан 14 хоногт нэг ном уншиж, уншсан номынхоо ярилцлагыг тогтмол өрнүүлж байна. Төгсөх ангийн сурагчид сонгон суралцах болон заавал судлах хичээлдээ шамдаж улсын шалгалтандаа бэлтгэхийн зэрэгцээгээр цаг зав гаргаж өөрийгөө хөгжүүлэн амьдрах ухаанд суралцаж, номтой нөхөрлөн үе тэнгийхэндээ үлгэр дууриал болж байгаад тус клубын тэргүүн Р.Алтанцэцэг талархаж байгаагаа хэллээ.
"Ном уншигчдын клуб"-ыг 2015 оны хоёр сард байгуулсан бөгөөд одоо 82 гишүүнтэй гэнэ. Клубын гишүүд номтой холбоотой арга хэмжээнүүдийг сургуульдаа болон аймгийнхаа хэмжээнд зохион байгуулж мөн өөрсдийгөө хөгжүүлдэг байна. Ихэвчлэн сургуулийнхаа номын санг түшиглэн үйл ажиллагаагаа явуулаг ажээ.
Д.Мишигсүрэн