Казахстаны тамирчны хоёр алтан медалийг хураана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-11-23 16:44:56

МОСКВА./TASS/. Олон улсын Олимпын хорооноос /ОУОХ/ Казахстан улсын хүндийг өргөгч Илья Ильин-ий 2008 болон 2012 оны Олимпын тоглолтуудаас хүртсэн хоёр алтан медалийг нь хураах шийдвэр гаргажээ.

ОУОХ-ны Сахилгын комисс Казахстаны тамирчнаас авсан сэргээшийн шинжилгээний А болон Б сорьцыг дахин шинжилсний дараа түүний гаргасан амжилтыг хүчингүй болгосон байна. Харин ямар хугацаагаар уг тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасахыг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо  /IWF/ шийдэх юм.

Сэргээш хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Илья Ильинийг Рио-де-Жанейрогийн Олимпын тоглолтод оролцуулаагүй ажээ.

Тэрбээр 2008 оны Бээжингийн Олимпын тоглолтод оролцохдоо -94 кг-ийн жинд алтан медаль хүртсэн байна. Одоо түүний хүртсэн медалийг хурааж Польшийн тамирчин Шимон Колецки-д олгох аж. Харин Ильиний 2012 оны Лондонд хүртсэн алтан медалийг тэмцээнд 5 дугаар байрт орсон Ираны хүндийг өргөгч Саид Мохаммадпуркаркарах гэдэг тамирчинд олгож магадгүй байгаа гэнэ. Учир нь, мөнгөн медаль хүртсэн Александр Иванов, дөрөвдүгээр байрт орсон Андрей Деманов /хоёулаа ОХУ/ болон гуравдугаарт орсон Молдав улсын тамирчин Анатолий Кырыку нар бүгд сэргээшийн дахин шинжилгээнд унаснаар тэмцээнд оролцох эрхээ хасуулсан байна.

Х.Сарнай  

Холбоотой мэдээ