Трампын амлалттай холбоотойгоор Доу Жонс 19 мянгаас давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-11-23 10:46:19

НЬЮ-ЙОРК./BBC/. Америкийн эдийн засгийн гол үзүүлэлт болсон Dow Jones индекс түүхэнд анх удаа 19000 гэсэн босгыг давлаа. Энэ нь Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлд гарч буй өсөлтийг тусгаж байгаа юм.

Д.Трамп Америкийн дараагийн Ерөнхийлөгчөөр ажиллах нь энэ сарын 9-ний өдөр тодорхой болсноос хойш Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн гол индекс зургаан удаа дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Доу Жонсоос гадна бусад гурван индекс хоёр өдөр дараалан дээд үзүүлэлтэд хүрчээ.

Одоогоор хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх байх гэсэн хүлээлттэй байна. Тус сангийн ээлжит хуралдаан 12 дугаар сарын 13-14-нд болох юм.

Түүнээс гадна, пүрэв гарагт болох Талархлын өдрийн өмнө зах зээл идэвхжих төлөв харагдаж байна.

Америкийн орон сууцны хоёрдогч зах зээлд хийгдсэн хэлцлийн тоо 10 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 2 хувиар өсч, 5 сая 600 мянгад хүрсэн байна.  Гэтэл шинжээчид энэ үзүүлэлтийг 5 сая 430 мянга болж буурна гэж тооцоолж байсан юм.

Хөрөнгийн биржийн индексүүд өсч байгаа нь Дональд Трампын сонгуулийн өмнөх амлалтуудтай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Тэрбээр татварыг бууруулна, төрийн оролцоо, зохицуулалтыг багасгана, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэх зэрэг амлалтуудыг өгч байсан билээ.

Х.Сарнай   

 

 

Холбоотой мэдээ