Барилгын материалын үйлдвэрүүдийн 90 хувь нь тусгай зөвшөөрөлгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-22 15:49:37

Баян-Өлгий  аймагт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дөч гаруй  байгаагаас гуравхан нь зөвшөөрлийн үнэмлэхтэй байгаа юм.

Тус аймгийн газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалтын хэлтэс харъяа аж ахуйн нэгжүүдээс хууль тогтоомж, стандартыг мөрдлөг болгон ажиллахыг шаардаж байна.

Тэдний бүтээгдэхүүний үзэмж чанар жигд бус байдаг. Хууль журамд зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа  орчинд сөрөг нөлөөгүй, стандарт, зураг төслийн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах ба бүтээгдэхүүнийхээ чанарыг бүрэн хариуцах ёстой юм.

Эдгээр байгууллага бүтээгдэхүүнээ стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж чадах эсэхээ Улаанбаатар хот дахь  Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөр шалгуулан, гэрээ хийж байж, зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулах зарчимтай. Иймээс тус аймагт байгаа зөвшөөрлийн үнэмлэхгүй албан ёсны зөвшөөрлөө авахгүй бол үйл ажиллагааг хязгаарлах боллоо.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ