Малчдад туслах “1000 төгрөгийн аян” өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-21 21:06:39

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатын ахалсан ажлыг Хонгор суманд ажиллав. Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Онцгой Байдлын газар, Ус цаг уур, Орчны шинжилгээний алба, Хонгор сумын ИТХ, сумын Эрүүл Мэндийн төв, Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн багийнхан тус сумын малчин өрхүүдийн өвөлжилтийн байдалтай газар дээр нь явж танилцлаа.

Эхлээд Хонгор сумын Хоёрдугаар багийн нутаг Зулзага, Адуунтолгой, Бухаар, Углуу, Сонинхангай, Цавын гуу, Шийр, Аргалын гарам, Хустайн давааны ар зэрэг газруудад өвөлжиж байгаа 50 гаруй айл өрхөөр орж малчдын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар санал хүсэлтийг нь сонсож тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов. Мөн аймгийн Улаан Загалмайн хороо хандив, Эрүүл мэндийн газраас ирүүлсэн эмийн багц, өрх бүрт тус бүр нэг шуудай хивэг, нүүрс болон тулгамдсан үед нэн шаардлагатай 101, 102, 103 болон төрийн байгууллагуудын утасны жагсаалт, цаг үеийн мэдээллийг багтаасан сонин сэтгүүл, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, элгэвч, нэмнээ зэргийг хүргэж өглөө.

Түүнчлэн малын бэлчээр дэх цасны зузаанд хэмжилт хийхэд Цаг уур, Орчны шинжилгээний албаны мэргэжилтнүүдийг тогтоосноор цасны зузаан 13-16 см, нягт нь 0,18 гр см3 байгаа гэж тодорхойллоо. Ингэснээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг долоо хоног тутамд малчдын утсанд мэдээлэх давуу талтай. Энэ үеэр Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн их эмч малчдад эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн юм.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат:-“Энэ жилийн хувьд хүйтний эрч өмнөх жилүүдээс харьцангуй урт үргэлжлэх төлөвтэй, бичин жилийн өвлийг давахад нь бид малчдад бид туслах учиртай. Ингэснээр өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүний нэг болох мах, махан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж үндэсний гол үйлдвэрлэгч болсон мал аж ахуйн салбараа дэмжинэ” гээд үүний тулд “1000 төгрөгийн аян”-ыг өрнүүлэх санаачлага гаргалаа. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ