Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Дорноговьд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-21 16:27:29

Энэ сарын 20-нд Улсын Онцгой комиссын Ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, өвс тэжээлийн фондын нөөц бүрдүүлэлтийг шалгах  зорилгоор  Дорноговь аймагт ажиллалаа.

Албаныхан тус аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож  өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа, орон нутгийн гамшгаас хамгаалах удирдлага зохион байгуулалтын талаар хэлэлцэж аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэлтийг газар дээр нь шалгав.

Дорноговь аймаг 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90 гаруй хувьтай хангасан бөгөөд улсын Онцгой комисст  орон нутагт тулгараад байгаа зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр санал тавьсан байна.

Тухайлбал цас их орж, хүйтэрч зудын байдалд орсон тохиолдолд алсын дуудлагад явахад туулах чадвар сайтай авто машиныг Иххэт, Даланжаргалан, Эрдэнэ, Замын-Үүд, Хөвсгөл сумын Эрүүл мэндийн төвд шийдэж өгөх, мөн аймгийн нэгдсэн Эмнэлэгт  алсын дуудлагад явах туулах чадвар сайтай  авто машиныг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Мөн түргэн тусламжийн авто машинуудад байршил тогтоогч /Gps/, богино долгионы  станцтай болгох, түргэн тусламжийн эмч, жолооч нарыг өвлийн дулаан хувцас, хамгаалах хэрэгслээр хангах төсвийг шийдвэрлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх төсвийг шийдвэрлэх асуудлыг уламжилсан байна.

Мөн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн олговрыг улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх санал тавив.

Ажлын хэсэг гамшгаас хамгаалах удирдлага зохион байгуулалт, төрийн албан хаагчийн ажлын хариуцлагыг сайжруулах, Онцгой комиссын гишүүд, багийн Засаг дарга нарыг хөдөө орон нутагт ажиллуулж малчидтай уулзуулах, хатуу өвлийг даван туулахад малчдын оролцооны тухай яриа таниулга хийж уламжлалт мал маллагааны талаар залуу малчдад зөвлөмж хүргүүлж ажиллахыг тус аймгийн Онцгой комиссын даргад үүрэг болгосон байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ