ДОРНОД: Зарим нутгаар цагаанаар зудархуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-26 09:27:42

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн нийт нутгаар 0.10-0.23 г/см.куб нягт, 2-19 см зузаан цастай байна. Тодруулбал, Дашбалбар, Гурванзагал сумын нийт нутаг, Сэргэлэн сумын Ар хоолой, Барчин багийн нутаг цагаанаар зудархуу байгаа юм.


Энэ асуудлаар дээрх сумдын удирдлагатай цахим хурал зохион байгуулав. Хурлаас тухайн сумын ЗДТГ-т байнга холбоо барих шуурхай жижүүр томилж, цахим хуудсаар дамжуулан мэдээлэл тогтмол түгээх, зам гаргах техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, отор нүүдлийн зураглал гаргах, цаг агаар муудсан мэдээллийн малчдад шуурхай хүргэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулах, шаардлагатай тооцоо судалгааг бэлэн байлгаж, аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг яаралтай тараахыг үүрэг болголоо. Мөн отор нүүдэл хийх боломжтой малчдыг дэмжиж хамтран ажиллах, улаанбурхан өвчний тохиолдлын үед шуурхай арга хэмжээ авах, шатахууны нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн байна.


Энэ жил аймгийн хэмжээнд 3 сая толгой мал өвөлжиж хаваржина.

Холбоотой мэдээ