Монголд угтсан миний анхны шинэ жил
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Миний багад манайх арванхоёрдугаар сарын 31-ний үдэш цацагт хяруул шарж, гэр бүлээрээ тоглож, зурагт үздэг байлаа.
Тэр үед өнгөт зурагт байсангүй. Сүүлд 1983 оны зун өнгөт зурагттай болж байв. Ингэснээр шинэ жилд зориулсан зурагтын хөтөлбөрүүд илүү өнгөлөг, үзэхэд улам сонирхолтой болж ирсэн юм даг. Дараа нь Истанбулд сурахаар явлаа. Гэр хол тул над шиг хүүхдүүдэд амралтын хоногуудыг илүү тавьж өгдөг байв. Шинэ оныг тэсэн ядан хүлээж, ямар нэг онцгой, аз од нь гийсэн үйл явдал тохиох юм шиг догдолдог байж билээ.
Монголд анх 2004 оны
намар ирж, МУИС-ийн хэлний бэлтгэлд суув. Манай нутагт шинэ жилээр ганц нэг томоохон уулзалт болж, хүмүүс оны сүүлийн өдрийг гэр бүлийнхэнтэйгээ
угтдаг. Гэтэл Монголд шинэ жилийн уур амьсгал бараг сарын өмнөөс эхэлдэг нь илт
анзаарагдаж байв. Орой бүр нэг төгсөлтийнхний эсвэл нэг хамт олны баяр болж, шинэ
оноо угтаж байлаа.
Тэр шинэ жилээр манай ангийн япон оюутан намайг бас нэг япон найзтай маань хамт Их дэлгүүрийн ойролцоох гэртээ урив. Нар жаргах үеэр тэднийд очиж, би тэр хоёрт турк хоол хийж өгсөн юм. Тэднийхээс нэлээн оройтож гараад, байр луугаа алхаж явахдаа төв талбайг хөндлөн туулах хэрэгтэй болов. Талбай дээр Улаанбаатарынхны бараг тал нь цугларсан байсан байх аа. Тэсгэм хүйтэн байсан ч хүмүүс шинэ он айсахыг хүлээн, догдлол дүүрэн зогсож байв. Нүүр ам цантаж, хөмсөг сормуус, сахал хүртэл мөстөв. Тэр зургаа нүүр номдоо оруулсан чинь манай найзууд бүр цочирдсон.
Туркт хүйтэрдэг ч
Монголынх шиг биш. Тийм хүйтнийг үзээгүй найзууд маань аргагүй шүү дээ. Шинэ
оноо хамтдаа угтах гэсэн аз жаргалтай хүмүүс төв талбайг дүүргэсээр л байв. Тэндээсээ оюутны
байрандаа ирэв. Ихэнх нь амраад нутаг явчихсан болохоор нам гүмхэн. Цаг 12:00-д
дөхөхөд харуул бид хоёр бие биедээ мэнд хүргээд, төд удалгүй би унтахаар явсан юм.
Монголд угтсан миний анхны шинэ жил нэг ийм содон дүр зурагтай өнгөрч билээ.
МУИС-ийн докторант М Лэвэнт Каяа /Турк/
Гэрэл зургийг Б.Чадраабал
Улаанбаатар