Түүвэр судалгаанд 235 өрх хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-18 16:19:38

Өнгөрсөн хавар Монгол орон даяар 6 сартайгаас 35 нас хүртэлх хүн амын дунд улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийсэн билээ.

Энэ ажлын хүрээнд Үндэсний статистикийн хорооноос улсын хэмжээнд “Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа” явуулж байгаа бөгөөд үүнд Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр баг, Зүүнхангай сумын Хайрхан баг, Улаангом сумын 10-р баг, Малчин сумын Цалгар баг, Ховд сумын Ховд багийн 235 өрхийг түүврийн аргаар сонгон авчээ. Судалгааг “Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-ны сургалтанд хамрагдсан, аймгийн Статистикийн хэлтсийн судлаач, ЭМГ-ын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, сувилагч, хөтөч, жолооч нар авч байгаа аж.

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо Эрүүл мэндийн яамтай хамтран ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр уг судалгааг орон даяар зохион явуулж байна. Судалгааны гол зорилго нь үндэсний болон бүсийн түвшинд 6 сартайгаас 35 насны хүн амын дундах улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшинг тодорхойлох аж.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ