Засгийн газарт чиглэл өгсөн УИХ-ын тогтоолыг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-17 17:12:57

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Уг тогтоолд 2017 оны Төсвийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах гэсэн 4 чиглэлээр 16 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Тухайлбал, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж байгаа зарим асуудал, татварын орлогод нөлөөлж байгаа татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх, төсвийн төслийн боловсруулалт болон хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-д саналаа боловсруулж танилцуулах, мөн нүүрсний экспортын үнийг дэлхийн зах зээлийн үнийн түвшинтэй нийцүүлэх, түүхий нефтийн экспортоос холбогдох татварыг тооцдог болох, Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг тооцох, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх, зардлыг багасгах болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны бөйгууллагын төлөөлөл орох, тэдний цалин, урамшууллыг оновчтой болгох зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгасан байна.

Хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулж баталлаа.

Н.Туяа

Холбоотой мэдээ