Амралтын өдрийг шилжүүлдэг практикийг судалж үзэхийг сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРҮндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд бүх нийтээр амрах хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжлээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Уг төслийн дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байсан уламжлалыг сэргээхээр тусгасан юм.
Хуулийн төслийн танилцуулгад “Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс Бүгд Найрамах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсныг ард иргэд шүүмжлэн, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсээр байна. Тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархал бол өнөөгийн бидний дээдлэн авч явах ёстой үзэл санаа юм. Тийм ч учраас хүн төрөлхтний нийтлэг чиг хандлагыг даган Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийг цаашид нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж хууль санаачлагч бид үзсэн болно” гэжээ.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дэмжсэн юм. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Улс тунхагласны өдөр, Үндсэн хуулиа баталсан өдрийг тэмдэглэхийг дэмжиж байгаа. Гэтэл одоо Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчиж иргэдээ ялгаварлан гадуурхаж, хэдэн 1000 хүнийг хоморголон халж байна. Үндсэн хуульд олгосон эрхийг нь ингэж зөрччихөөд “тэмдэглэнэ” гэж оруулж ирж байна. Хэн хэдэн хүн илүү халах вэ гэдэг “Социалист уралдаан” явагдаж байна. 1939 оны их хэлмэгдүүлэлт шиг хэдэн төрийн албан хаагчдыг 1000, 1000-аар нь үндэслэлгүй халж байна. Энэ явдлыг анхаарч, яаралтай таслан зогсоохгүй бол дараа дараагийн арга хэмжээг авахад хүрч байна” гэв. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Төрийн албаны хууль хэвийн үйлчилж байгаа. Та ингэж ярьж болохгүй” гэсэн бол О.Баасанхүү гишүүн “С.Эрдэнэ гишүүний хэлж байгаа байдал үнэхээр үүссэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг байгуулж шалгах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн Г.Занданшатар гишүүн “Амралтын өдрийг шилжүүлдэг практик байдаг. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх зорилгоор амралтын өдрүүдэд ойртуулж шилжүүлдэг. Үүнийг судалж үзээрэй” гэсэн бол Ё.Баатарбилэг гишүүн “Сүүлийн үед түүхээсээ маш олон зүйлийг хасч хаяхыг хичээсэн олон үйлдэл гарсан. Сүхбаатарын талбайг “Чингис”-ийн талбай болгох гэх мэтээр түүхийн үнэнийг иргэдийн оюун санаанаас арчиж хаях гэж оролдсон. Дөрөв, дөрвөн жилийн давтамжтай нам засаг солигдож байна гээд түүхээр оролдож болохгүй. Цаашдаа түүхээ бага оролдоосой, Монголын түүхийг бүү гуйвуулаасай гэж хүсч байна” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан “Би энэ хуулийн төслийг дэмжихгүй. Иргэд яаж ажил олж, хөдөлмөр хийх вэ гэж зүдэрч байхад дахиад амрах, баярлах зүйл оруулж ирж байна. Чингис хааны төрсөн өдөр, Улс тунхагласны баяр гэдэг хоёр намын л баяр болно. Иргэд бол баярлахгүй. Бахархал, баярлах гэдгийг ялгах хэрэгтэй. Чингис хааны төрсөн өдрөөр бахархалтай нэг ч зүйл байсангүй. Хоосон л өнгөрөөлөө. Эдийн засаг хямарч байхад дахиад баяр нэмэх нь зохисгүй” гэсэн байр суурь хэлж байлаа.
Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ