“Үндэсний Чанарын 7 хоног”-ийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-17 10:58:43

Дэлхийн Чанарын өдөр болон “Үндэсний Чанарын 7 хоног”-ийг угтсан ажлын хүрээнд Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Мэргэжлийн хяналтын газартай хамтран Улаангом сумын ахмадуудын дунд “Чанар бидний зорилт” цэнгүүнийг зохион байгуулсан байна.

Энэ үеэр “Би мэднэ” танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн, “Хэн сайн дуулах вэ”, “Хэн сайн онох вэ” хөгжөөнт тэмцээнийг явуулж, ахмад настнуудын идэвх оролцоог үнэлэн тус бүр эхний 3 байр шалгаруулан шагнаж урамшуулжээ. Цэнгүүнд тус хэлтэст ажиллаж байсан ахмадуудыг урилгаар оролцуулснаас гадна байгууллагынхаа танилцуулга, үйл ажиллагааг сурталчилсан видео бичлэгийг дэлгэцээр үзүүлсэн байна.

Дэлхийн Чанарын өдөр болон “Үндэсний Чанарын 7 хоног”-ийн хүрээнд мөн нээлттэй хаалганы өдөрлөгийг ард иргэдийн дунд зохион байгуулж, иргэдэд баталгаажуулалтын шинжээч, улсын шалгагч нар баталгаажуулалтанд заавал хамрагдах бүтээгдэхүүн үйлчилгээ, хэмжих хэрэгслийн талаар мэдээлэл хийж, хэмжих хэрэгслийг баталгаажуулдаг ажлын эталонуудын тухай яриа таниулга хийжээ. Энэ үеэр стандартын мэдээлэл, лавлагааны үйлчилгээ, хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрх, хүнс, хоолонд агуулагдах тэжээлийн бодисууд, тэдгээрийн ач холбогдол, хүнсний нэмэлт Е тэмдэглэгээ зэрэг мэдээлэл агуулсан 180 ш тараах материалыг иргэдэд хүргэсэн байна.

Нээлттэй хаалганы үеэр танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулахад нэгдүгээр байранд сурагч Б.Одбаяр, хоёрдугаар байранд иргэн Д.Гансүх орж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ