Пакистан турк сургуулиудын багш нарыг хөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2016-11-17 09:53:34

ИСЛАМАБАД. /ВВС/. Пакистан дахь турк сургуулийн 100 гаруй багш нарт гэр бүлийнхэнтэйгээ энэ долоо хоногийн эцэс гэхэд нутаг буцахыг Исламабад тушаажээ.

Энэ багш нар нь Пакистан дахь 28 турк дунд сургууль болон коллежид багшилдаг аж. Эдгээр сургуулийг АНУ-д байгаа лалын шашны номлогч Фетулла Гуллентай холбоотой гэж Анкара үзэж байгаа юм. Харин сургуулиуд үүнийг эрс үгүйсгэн няцааж байна.

Долдугаар сард цэргийн эргэлт хийх оролдлогыг удирдан зохион байгуулсан гэж Ф.Гулленыг Туркийн Засгийн газар буруушааж байгаа юм.

Турк багш нарыг нутаг буцаах болсныг Пакистанд айлчилж буй Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сайшаасан байна.

Харин Пакистан дахь турк сургуулиудын мэдэгдэлд “багш нарын визний хугацааг сунгахаас татгалзсан. Багш нар болон тэдний ар гэрийнхэн нийлсэн 450 орчим хүнийг Пакистанаас энэ долоо хоногийн эцэс гэхэд гарахыг шаардсан” гэжээ.

Пакистаны ДХЯ одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Турк сургуулиудын багш, ажилтнуудын дийлэнх нь пакистанчууд учир эдгээр хүнийг хөөснөөр сургуулиудын үйл ажиллагааг зогсоож чадахгүй байж магадгүй.

Ф.Гуллены хөдөлгөөний сургуулиуд дэлхийн олон улс оронд байдаг юм.

Долдугаар сард Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдсоноос хойш Ф.Гуллентай холбоотой хүмүүсийг ажлаас нь халж, байгууллагуудыг хаах ажиллагааг Туркийн Засгийн газар эрчимтэй өрнүүлсээр байна.

Р.Т.Эрдоган төрийн эргэлт хийх оролдлогыг өрсөлдөгчдөө дарах арга хэрэгсэл болгон ашиглаж байна гэж түүнийг шүүмжлэгчид үзэж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ