Их Британийн “Great” төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-16 17:14:51

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Британийн Парламентийн бүлгийн дарга С.Батболд өнөөдөр /2016.11.16/ Их Британийн “Great” төслийн захирал Конрад Бөрд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Батболд “Конрад Бөрд таньтай дахин уулзаж байгаадаа баяртай байна. “Great” төслийн хүрээнд та бүхэн манай улсад айлчилж, Монгол Улсын гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, гадаад сурталчилгааны нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгох, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаад талархалтай байна” гэлээ.

Тэрээр Монгол Улс дөрвөн жилийн өмнөх шигээ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад таатай орны нэг хэвээр байгаа гэдгийг онцлоё. Гол нь хөрөнгө оруулагчдад таатай, тогтвортой хөрөнгө оруулах орчныг бүрдүүлэхэд манай Засгийн газар анхаарлаа хандуулан ажиллаж байгааг хэлье хэмээн С.Батболд онцлов.

Их Британийн “Great” төслийн захирал Конрад Бөрд УИХ-ын гишүүн С.Батболдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсын Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, бизнес, аялал жуулчлал, боловсролын салбарын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцсон гэдгээ хэллээ.

Түүнчлэн Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хэвээр байгаа төдийгүй зөвхөн уул уурхай бус бусад салбарыг онцлон гадаадад Монголын бүтээгдэхүүнийг таниулах тал дээр ихээхэн анхаарч ажиллахаа Конрад Бөрд илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Британийн хоорондын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар болон бусад асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ